Баян-Өлгийнхөн “Ораза айт” баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-25 13:45:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн ислам шашинтнуудын ариун “Ораза айт” баяр энэ сарын 24-26-ны өдрүүдэд тохиож байна.

Мусульманчууд Хиджра он тооллын Рамадан /Ораза/ сард 30 хоногийн турш өдрийн цагаар балга ус ч уулгүй мацаг барьдаг. Харин Рамаданы дараагийн сар “Шаууал”-ын 1-3-ны өдрүүдэд “Ораза айт” хэмээн тэмдэглэдэг.

“Айт” гэдэг нь баяр баясгалангаар дүүрэн өдрүүд гэсэн утгатай. Энэ үеэр мацаг барихыг хориглоно.  Баярын өдрүүд “Айт намаз” буюу тусгай мөргөлөөр эхэлдэг. Дараа нь мусульманчууд цэвэр хувцсаа өмсөж, гэртээ идээ будаагаар дүүрэн баярын ширээ буюу дастархан дэлгэж, зочин урьдаг. Бие биедээ баяр хүргэж, амьжиргааны түвшин доогуур хүмүүс, өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлдэг уламжлалтай.

Баян-Өлгийнхөн улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбогдуулан энэ жилийн Ораза айт баярын мөргөлийг гэртээ үйлдэж, гэр бүлийн хүрээнд тэмдэглэж байна.    

Холбоотой мэдээ