Н.Оюунбат: Үнэт зүйлсийг мөнгөөр бус спортоор бий болгодог

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-25 15:47:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапур улс боловсролын тогтолцоогоо биеийн тамир спортын салбартайгаа уялдуулан хөгжүүлж ихээхэн амжилтад хүрч байгаа юм. Энэхүү туршлагыг судалсан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын Гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга /Ph.D/ Н.Оюунбаттай ярилцлаа.



-“Азийн бар” хэмээгддэг Сингапур улсын боловсрол, БТС-ын тогтолцооны онцлог давуу тал болон манайд хэрэгжүүлж болох адил төстэй зүйл юу байв?


-Өнөөдөр биеийн тамир спорт /БТС/-ынх гэлтгүй аль ч салбар ирээдүй, хэтийн буюу “Алсын хараа”-ны цогц бодлого, үзэл баримтлалаа тодорхой болгож хөгжүүлэхэд анхаарал хандуулж байгаа. Бид 21 дүгээр зуунд хөдөлмөрийн зах зээл дээр яаж эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэнг бэлтгэх вэ гэдэг нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш. БТС-ын салбарт спорт холбоо, клуб гээд олон ТББ байдаг. БТС-ыг ард иргэдийн дунд хэрхэн чанартай, хүртээмжтэй, хямд зардлаар хүргэх асуудал эн тэргүүнд байгаа. Дэлхийн жишгийг дагаж бид 2019 оноос эхлэн улс орнуудын БТС-ын талаар баримталж байгаа төрийн бодлого, алсын харааг судалж байна.


Тухайлбал, бид Сингапур улсын БТС-ын салбарын зорилтыг судалсан. Бидний хувьд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” үзэл баримтлалаа гаргасан байгаа бөгөөд Азидаа тэргүүлэх хөгжилтэй улс болох зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр ард иргэдээ биеийн тамир спортоор дамжуулан эрүүл мэндийн байдлыг нь бэхжүүлж, улмаар улс, үндэсний бахархлыг тамирчдаараа хэрхэн бий болгох вэ гэсэн гол асуудал байгаа. Сингапур улсын хувьд боловсролын тогтолцоонд нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудал гол байр суурь эзэлдэг. Сингапур манайхаас ялгаатай нь хот улс. Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай. Харин хүн амын тоо нь манайхтай ойролцоо.


-Биеийн тамир спортын салбарын хүний нөөцийг хэрхэн бэлтгэж байна вэ?


-Сингапурын биеийн тамир, спортын их дээд сургуульд мэргэжилтэн бэлтгэхдээ бүх чиглэлээр өргөн мэдлэгтэй хөрвөх чадвартай болгохыг эрхэмлэдэг юм байна. Тухайлбал, оюутан эхний 2 жилдээ зах зээлийн нийгэмд зайлшгүй эзэмших шаардлагатай спортын менежмент, маркетинг, гадаад хэл, мэдээлэл технологи, статистикийн хичээл ордог. Харин сүүлийн 2 жилд тухайн оюутан өөрөө мэргэжлээ сонгоод дасгалжуулагч, спорт холбооны удирдах ажилтан, БТС-ын төрийн байгууллагын ажилтан болж мэргэшидэг юм байна. Энүүгээрээ манайд БТС-ын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудаас агуулга нь арай л өөр байдаг юм билээ. Эндээс бидэнд авч хэрэгжүүлэх туршлага цөөнгүй байна.


-Сингапурчууд олимп, дэлхийн тэмцээнүүдэд анзаарагдахуйц амжилт гаргах болсон. Нууц нь юу байна?


-Сингапур 1960-аад оноос бие даасан улс болсон хэдий ч спортын амжилтаар сүүлийн 10 жилд л нэлээд хурдацтай хөгжиж олимп, дэлхий, тивд өөрийн үндэсний шилдэг тамирчидтай болж эхэлсэн. Тухйлбал, усан спортоор олимпын анхны аварга тамирчин төрсөн. Тус улс 2010 оноос л БТС-ыг хөгжүүлэх цогц бодлоготой болох зорилт дэвшүүлж улс орны хэмжээнд иргэн бүрийг оролцуулж өргөн хэлэлцүүлгийг явуулсны үр дүнд “Алсын хараа 2030” гэсэн үндэсний цогц бодлого, үзэл баримтлалтай болжээ. Хүн амынхаа дунд хийсэн эрүүл мэнд, бие бялдрын цогц судалгаан дээр үндэслэж алсын хараа, хэтийн зорилт, үзэл баримтлалаа тов тодорхой болгосон юм байна.


Энэ судалгаандаа үндэслээд эрдэм шинжилгээ судалгааг эрчимжүүлэн ажиллажээ. Улмаар тухайн спортоор тамирчин бэлтгэхдээ олимпын наадмын түвшинд өрсөлдөх үү, Азийн наадмын түвшинд бэлдэх үү гэдгийн ялгааг судалгааг үндэслэн тодруулж гаргасан байгаа юм. Ингээд түвшин тус бүрт нь цалин, хангамж, сургалтын орчин өөр өөр гэдгийг нь тодотгосноор тухайн тамирчин өөрийн бие бялдрын түвшинг болон ямар түвшний тэмцээнд бэлтгэгдсэн гэдгээ мэддэг, бас ойлгодог юм билээ. Сингапур улс спортын шигшээ багт зориулах төсөв хөрөнгөө аль түвшнийх гэдгээс хамаарч хуваарилж өгдөг бөгөөд тухайн баг тамирчид, багш дасгалжуулагчид нь эрдэм шинжилгээ судалгаанд суурилсан уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа нь шууд л харагдаж байсан. Олимпын болон олимпын бус төрөл, үндэсний спортод улсын төсвөөс санхүүгийн ямар дэмжлэг үзүүлэхийг тус бүрт нь тодорхой шийдэж өгсөн тогтолцоог бий болгожээ.


-Сингапурт спортын дунд сургууль олон байдаг уу?


-Монгол орон өргөн уудам нутагтай. Тиймээс ч нийслэл болон орон нутагт нийтдээ 15-16 спортын дунд сургууль байдаг. Энэ нь манай орны хувьд шилдэг тамирчдыг нээн илрүүлэхэд чухал ач холбогдолтой нь мэдээж юм. Харин Сингапурт ганц л спортын дунд сургуультай юм билээ. Хүүхдийг багаас нь авьяас, ур чадварыг нээхэд эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны цогц судалгааны төвийг энэ сургуулийнхаа дэргэд ажиллуулдаг нь үр дүнтэй ажил санагдсан.


Манайд олимпын шигшээ багийн цөөн тооны насанд хүрсэн тамирчид л ийм эрүүл мэндийн болон бие бялдрын эрдэм шинжилгээ, судалгаанд хамрагдаж байгаа. Тэгэхээр Сингапурын энэ туршлагаас суралцаж хүүхдийн авьяас чадварыг багаас нь таньж мэдэхийн тулд дүүрэг, аймаг, сумын спортын дунд сургуулийг түшиглэн ийм судалгааны төвүүд байгуулъя. Багаас нь авьяас чадварыг нь таньж, түүний бие бялдарт тохирсон дасгал сургуулилт, эрүүл мэндийн тусламж зөвлөгөөг өгч чадсаны үр дүнд олимп, дэлхийд илүү өндөр амжилт гаргах тамирчдыг төрүүлэх боломж байна.



-Сингапурт нийтийн биеийн тамир, спортын хүртээмж, үйлчилгээ ямар байгааг сонирхуулна уу?


-Сингапур улсад нийтийн биеийн тамир, ард иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлэхэд ихэд анхаарч дүүрэг бүртээ Эрүүл мэнд спортын төвийг байгуулсан байна. Тухайн дүүргийн иргэн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй хямд зардлаар өөрийн дуртай спорт, биеийн тамираар хичээллэх боломжтой юм байна. Тухайлбал, усан спорт, ширээний теннис, бүжиглэх, тоглох гээд бүхий л биеийн тамир спортын үйлчилгээг авахын зэрэгцээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, ямар спортоор хичээллэж болох, эрүүл хооллолтын гэх мэт бие бялдар, эрүүл мэндийн зөвлөгөөг авах боломжтой төвлөрсөн төв гэдгээрээ онцлогтой юм байна.


-Монголд энэ туршлагыг авч хэрэгжүүлэх боломжтой юу?


-Монгол Улсын хувьд ард иргэдээ нийтийн биеийн тамирт өргөнөөр татан оролцуулахад анхаарал хандуулах эрэлт хэрэгцээ үгүйлэгдсээр байгаа. Өнөөгийн судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,8 байхад, эрэгтэйчүүдийнх 64,1 байгаа. Энэ нь бидний наслалтын байдал хүйсийн хувьд маш их зөрүүтэйг харуулж байна. Монголчууд ялангуяа эрчүүд эрүүл мэнддээ анхаарч, амьдралын чанараа сайжруулан идэвхтэй хөдөлгөөн хийснээр урт наслах бүрэн боломжтой. Тэгэхээр Сингапурын жишгээр эрүүл мэндийн даатгалын мөнгийг эрүүл мэнд спортын цогц төвийг олноор байгуулахад зарцуулснаар ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж урт наслуулах боломж бүрэн байгаа.


-Биеийн тамир спортын бодлого, тогтолцоогоо илүү оновчтой болгож байгаа өөр улс орны туршлагыг судалж үзэв үү?


-Сингапур улсаас гадна энэ жишгээр БТС-ын хөгжлийн бодлогоо чиглүүлж байгаа улс орнууд байгаа. Бид саяхан БНХАУ-ын биеийн тамирын тогтолцоог  судалсан байгаа. Сочигийн өвлийн олимпын /2014/ дараа Ши Жиньпин дарга нэгэн илтгэлдээ “Олимпын медаль чухал боловч ард иргэдийн эрүүл мэндийн асуудал түүнээс илүү чухал” хэмээн онцлоод бид олимпын наадамд зарцуулсны адил хэмжээний зардлыг ард иргэдийнхээ нийтийн биеийн тамирын үйлчилгээ авах санхүүжилт, орчин нөхцөлийг хангахад нь төрөөс шийдэж, бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэсэн. Уг зорилтын хүрээнд Хятад улс өнөөдөр шинээр баригдах тосгон, хороолол бүртээ иргэдээ биеийн тамираар хичээллэх орчинг бий болгохыг хот төлөвлөлтдөө хуульчилсан. Мөн биеийн тамирын чиглэлээр хэрэгжүүлэх ТББ-уудын төсөл хөтөлбөрүүдийг төрөөс санхүүжилт олгож дэмжихийг Хятадын Засгийн газраас шийдвэрлэсэн юм байна. БНСУ-ын хувьд БТС-ын салбартаа их анхаардаг. Жишээ нь, Сөүл хотын Засаг захиргаанаас ард иргэддээ хандуулсан биеийн тамирын төсөл хөтөлбөрийн ажлыг 365 хоног, бүр 7 хоногоор төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлдэг юм билээ. Ер нь биеийн тамир спорт бол олимп, ДАШТ, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх нь чухал. Мөн нөгөө талдаа хүн ардаа биеийн тамир спортоор хичээллүүлснээр эрүүл чийрэг иргэнтэй байхад онцгой тустай. 


-Спортоор хичээллэхийн үнэ цэнийг коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж зөвлөгөөгөөр иргэд илүү ойлгуулж байх шиг? 


-Бид коронавирусний халдвар тархаад байгаа энэ цаг үед биеийн тамираар тогтмол хичээллэж эрүүл чийрэг байхын ач тусыг илүү сайн ойлгож мэдэрч байна. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх орчинг бүрдүүлэхэд хэр их хөрөнгө гаргаж байгаагаар тухайн улс орны иргэд эрүүл чийрэг байж, урт наслах боломж, суурь нь тавигддаг юм байна. Спорт гэдэг бол улс орны бахархлыг бий болгож чаддаг, эв нэгдлийг бий болгож чаддаг, нэг нэгнээ хүндэлж, багаар ажиллаж чаддаг, сайн үйлсийг түгээдэг гээд ийм олон үнэт зүйлсийг мөнгөөр худалдаж авалгүйгээр зөвхөн спортоор л дамжуулж бий болгож чадна. Спортыг хөгжлийнхөө тэргүүн зэрэгт тавьж, бааз суурийг бий болгож чадсан улс орнуудын сайн туршлагуудыг судалж, Монголынхоо хөрсөнд буулгаж, хүмүүсийн хандлагыг бага багаар өөрчлөн төлөвшүүлэх ажлыг бид цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна

Холбоотой мэдээ