Их Британичууд хотын захад орон сууц худалдан авахыг хүсэх болжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-26 12:10:49

ЛОНДОН. /РИА Новости/. Их Британид хөл хорионы дэглэмийг сулруулсны дараа үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр боломжит худалдан авагч, түрээслэгчдийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгджээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Их Британичууд илүү цэлгэр өрөөтэй орон сууц, хотын захын байшинд амьдрахыг хүсэх болжээ. 


Их Британийн Засгийн газар 5 дугаар сарын 13-наас коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг сулруулах эхний үе шатандаа орсон юм. Хоёр сар завсарласныхаа дараа зуучлагч газрууд байр, орон сууцаа үйчлүүлэгчиддээ үзүүлэх боломжтой болжээ. Уэльс, Шотланд, Умард Ирландын эрх баригчид 6 дугаар сарын 18-наас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нээх төлөвтэй байна.


Rightmove” үл хөдлөх хөрөнгийн цахим талбарын мэдээлснээр, хөл хорионы дэглэмийг сулруулсны дараах эхний долоо хоногт тус цахим хуудсаар өдөрт 5.2 сая хүн зочилжээ. Долоо хоногийн хугацаанд “Rightmove” агентлагт цахимаар өргөдөл гаргасан хүний тоо хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнөх үеийнхтэй харьцуулахад дунджаар 8-10 хувиар нэмэгдсэн байна.


Зуучлагчдын мэдэгдэж байгаагаар, улс оронд хөл хорио тогтоож, урт хугацаанд өөрийгөө тусгаарлах дэглэм үйлчилснээр боломжит худалдан авагчид олон өрөөтэй хувийн орон сууц худалдан авахыг хүсэх болжээ.


Ойрын саруудад байр худалдан авахаар төлөвлөж буй хүмүүсийн дийлэнх нь илүү өргөн уудам зайтай байранд эсвэл хотын захад байрлах орон сууцанд шилжих хүсэлтэй байна хэмээн “Savills” агентлаг мөн цохон тэмдэглэжээ.  

Холбоотой мэдээ