Анимейшн студид гал тавьсан этгээд эмнэлгээс гарч, баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-05-27 13:04:27

ТОКИО. /NHК/. 2019 оны зун Японы Киото хотод байрладаг “Kyoto Animation” компанийн студид гал тавьсан этгээд эмчилгээ хийлгэж дууссан бөгөөд хотын хууль сахиулах байгууллагынхан баривчиллаа гэж тус улсын төв телевиз мэдээлэв.  


Японы иргэн, 42 настай Шинзи Аобаг санаатай гал тавьж, хүний амь нас бүрэлгэсэн хэргээр баривчилсан байна. Өнгөрсөн онд тэрбээр буруугаа хүлээжээ.


Уг эрэгтэй 2019 оны долдугаар сарын 18-нд “Kyoto Animation” компанийн гурван давхар байранд 20 литрийн багтаамжтай хоёр канистр бензин цацаж, галдан шатаасны улмаас 36 хүн ​​амиа алдаж, 33 хүн янз бүрийн зэрэгтэй түлэгджээ. Гэмт этгээд өөрөө мөн их хэмжээгээр түлэгдсэн бөгөөд биеийнх нь байдал маш хүнд байсан байна.


1981 онд байгуулагдсан “Kyoto Animation” студи нь “Lucky Star”, “K-On!”, “Haruhi Suzumiya” зэрэг бүтээлээрээ манга болон анимэ сонирхогчдын дунд алдартай байна.


Холбоотой мэдээ