Дэлхий нийтээр тулгараад буй сорилтыг энх тайван, шударга ёсыг эрхэмлэж байж даван туулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-04-25 13:33:23

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Манай улсад өнөөдөр эхэлсэн “Алтай дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилт, үр дүнг сайжруулах, Алтай язгуурын улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талын асуудлыг хэлэлцэж байна.


Монгол Улсад хоёр дахь удаагаа болж буй уг чуулганы энэ жилийн хэлэлцэж буй асуудал, өөрчлөлтийн онцлогийн талаар сэтгүүлчид УИХ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа.


Тэрбээр, Тогтвортой хөгжлийн дэлхийн нийтийн зорилтын хэрэгжилт олон хүчин зүйлээс шалтгаалан удааширч байна. Энд уур амьсгалын өөрчлөлт, ковидын цар тахал, үнийн өсөлт, эрчим хүчний хямрал, олон улсын геополитикийн тогтворгүй байдал зэрэг олон сорилт, бэрхшээл тулгарч байна.


Тиймээс суурь хүчин зүйл болох энх тайван, амар амгалан, шударга ёсыг эрхэмлэх нь хамгийн түрүүнд тавигдаж, уг зорилтыг биелүүлж байж дэлхий нийтээр тулгараад буй сорилтыг даван туулж, бэрхшээлээс ангижирна гэдэг асуудал өнөөдөр нэн түрүүнд тавьж, яриа өрнүүлж байна.


Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй юм. Үүнийг “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн эхэнд тунхагласны учир энэ удаагийн чуулганаар энэхүү 16 дахь зорилгын хэрэгжилтийг хэлэлцэхээр тусгайлан сонгосон юм.


Алтай язгуурын хэл, түүх, соёлоороо нэгддэг бидний нийтлэг үнэт зүйлс хамтын ажиллагааны яриа хэлэлцээг баталгаажуулж, Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь чухал ач холбогдолтой болоод байна гэв.


Олон улсын “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын зорилтууд, түүний 23 шалгуур үзүүлэлтийг:

  • “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн шударга бус байдлыг тодорхойлох нь”,
  • “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт”,
  • “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэн сайжруулах”,
  • “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” гэсэн есөн сэдвийн хүрээнд нэг бүрчлэн хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ