АРХАНГАЙ: Цэцэрлэг хотод хүүхэд, залуучуудын парк байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-04-25 15:01:00

Эрдэнэбулган, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймагт хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын санаачилгаар Булганхангай хороололд Хүүхэд залуучуудын парк”-ийг байгуулах ажлыг эхлүүлжээ.


700-1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай Хүүхэд залуучуудын парк”-ийн зураг төслийг "Хот төлөвлөлтийн хүрээлэл" ХХК хийж, Барилгын хөгжлийн төв баталгаажуулаад байна. Мөн энэ ажлын хүрээнд цэвэр, бохир ус, дулаан хангамж, цахилгаан, холбоо мэдээллийн дэд бүтцийг бий болгохоор аймгийн удирдлагаас Эдийн засаг, хөгжлийн яаманд хүсэлт хүргүүлээд байгаа ба шаардлагатай төсвийг ирэх оны улсын төсөвт суулгахаар ажиллаж байна.


Хүүхэд залуучуудын парк" нь хүүхэд залуучуудын болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл боловсролыг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотоос 483 км алслалттай, аймгийн төвийн зүүн урд хэсэгт 290х400 м.кв буюу 11.6 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбулган сумын 5-р баг буюу 300 ортой шинэ эмнэлгийн урд барих юм.

 

Хүүхэд, залуучуудын парк нь музейн үзмэрийн хэсэг, үйлчилгээний, спорт болон чийрэгжүүлэлтийн, хүүхдийн тоглоомын, амралт зугаалгын гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Төлөвлөлтөөр 14 түргэн үйлчилгээний хэсэг, 4 нийтийн бие асах газар, 4 харуулын байр зэргийн тусгасан байна.

 

Мөн усан болон ногоон байгууламж, төрөл бүрийн үзвэр үйлчилгээ, хүүхдийн паркийн иж бүрэн тоглоомууд, сагс, волейбол, теннис, хөлбөмбөгийн талбай, явган болон дугуйн зам, ахмадуудын чийрэгжүүлэх талбай, 348 машины авто зогсоол зэргийг бүрэн шийдсэн байна.

 

Уг талбайд хэрэглэгдэх материалууд нь хүүхдэд ээлтэй, хүний биед хоргүй, эрүүл ахуйн болон бусад стандартын шаардлагад нийцсэн байх юм.

 


Холбоотой мэдээ