ХИС-ийн Аялал жуулчлалын менежмент хөтөлбөр хос дипломтой болж өргөжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-28 10:43:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургууль \ХИС\ 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлт авахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан ХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхжаргал мэдээлэл хийв.


-ХИС-ийн тухайд энэ хичээлийн жилийн элсэлтийн онцлог юу вэ?

-ХИС нь 2020-2021 оны хичээлийн жилд 22 хөтөлбөрөөр 29 мэргэжлийн дагуу элсэлт авна. Эдгээрээс бүс нутгийн эрэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн нийгмийн эрүүл мэнд, дуу хөгжмийн багш, санхүүгийн менежмент гэсэн гурван мэргэжлийн дагуу шинээр элсэлт авах гэж байгаагаараа онцлогтой.

Мөн Аялал жуулчлалын менежмент хөтөлбөрийг өргөжүүллээ. Тухайлбал, ХИС болон ОХУ-ын Тувагийн их сургууль хамтран Аялал жуулчлалын менежмент  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ба хос дипломтой төгсөх юм.  

-ХИС-ийг сонгон суралцах оюутнууд сургалтын төлбөрийн ямар хөнгөлөлтөд хамрагдах боломжтой вэ?

-ХИС-ийг сонгон суралцсанаар сургалтын төлбөрийн хэд хэдэн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалт \ЭЕШ\-ын хоёр хичээлийн онооны дундаж нь 550-аас дээш бол эхний жилд сургалтын төлбөр 50 хувь хөнгөлөлттэй.

Мөн багш мэргэжлийн ангид элсэн суралцагчид ЭЕШ-аар 650-760 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь хөнгөлнө. Харин 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг дөрвөн жилийн хугацаанд 100 хувь чөлөөлөх юм.

Түүнчлэн нэг айлын гурван хүүхэд их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлнө. Мөн ХИС-д нэг айлын хоёр хүүхэд суралцдаг бол нэг оюутны сургалтын төлбөрт 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

Багш мэргэжлээр суралцаж байгаа эрэгтэй оюутан ЭЕШ-д 500-гаас дээш оноо авсан тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлөх зэрэг боломжууд бий.

Үүнээс гадна ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан суралцагч, мөн цэргийн алба хааж, ЭЕШ-д 500-гаас дээш оноо авсан бол Боловсролын зээлийн сангийн хүүгүй, урт хугацаатай оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой байдаг.

Мөн багш мэргэжлийн ангид суралцах оюутнууд орон нутагт дадлага хийсэн тохиолдолд сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийн амьжиргааны тэтгэлэг олгоно.

ХИС-д суралцаж байгаа Увс, Завхан, Говь-Алтай аймгийн элсэгчид эхний жилд дотуур байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөнө.

Эрэгтэй элсэгчид оюутан цэрэг сургалтад хамрагдах боломжтой. Мөн ХИС-ийн дэргэдэх гадаад хэлний сургалтын төвд нийт оюутнууд төлбөрийн 30 хувийн  хөнгөлөлттэй суралцах зэрэг боломжийг манай хамт олон санал болгож байна.

-ХИС-ийн босго оноо хэд вэ?

-Орон нутгийн их, дээд сургуулиудад Засгийн газраас олгосон эрхийн дагуу ХИС-ийн босго оноо 400 байхаар тогтоосон.

-Элсэгчид ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-ЭЕШ-ын батламж, суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримт материал бүрдүүлэх шаардлагатай юм.

-ХИС-ийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Тус сургуулийн элсэлтийн бүртгэл 2020 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс долоодугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Ингэхдээ цахим хэлбэрээр болон ХИС-ийн хичээлийн байранд бүртгэлийн үйл ажиллагааг явуулна.  Иймд Баруун бүсийн ууган их сургууль болох төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн ХИС-д элсэн суралцахыг урьж байна.

Холбоотой мэдээ