Авто тээврийн төвийн буудлын шинэ барилгын шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-28 16:38:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Авто тээврийн төвийн буудлын шинэ барилгын шав тавих ёслол тавдугаар сарын 27-ны өдөр боллоо. 


Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар орон нутгийн албаны бусад төлөөллийн хамт оролцлоо.  

Аймгийн авто тээврийн төвийн ажилтан алба хаагчид, хот хоорондын тээврийн жолоочдын ажиллах орчин нөхцөл цаашлаад төвөөр үйлчлүүлж буй зорчигчдын тав тухтай байдлыг бүрдүүлэх зорилгоор 648 мкв талбай бүхий хоёр давхар буудлыг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар боллоо. Энэхүү буудал нь эмчийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрөө, жолооч зорчигчдын амрах өрөө, автомашины оношилгоо, засварын өрөө гэх мэт тусгай өрөөтэйгээр барихаараа онцлогтой юм.

Авто тээврийн төвийн буудлын шинэ барилга ашиглалтад орсноор хот хоорондын төдийгүй сум хоорондын тээвэр хөгжих ач холбогдолтой юм. Үүнтэй холбоотойгоор Есөнбулаг сумын нийтийн тээврийн хэрэглээг сайжруулах, хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд хоёр автобус, орчин үеийн тохижилттой 10 автобусны буудлыг шинээр байгуулж ашиглалтад оруулна хэмээн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд шав тавих ёслолын үеэр хэллээ. 

Холбоотой мэдээ