Тоног төхөөрөмжтэй болсноор бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-28 21:08:53

Завхан /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл, Их-Уул сумын үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүлгүүд тоног төхөөрөмжтэй болсноор бүтээгдэхүүнийх нь гарц сайжирчээ.

Энэ онд "Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" төслөөс дээрх сумдын үйлдвэрлэгч бүлгүүдэд тоног төхөөрөмж гардуулан өгчээ. Тосонцэнгэл, Их-Уул сумын 12 бүлгээс эхний ээлжинд тавигдах шаардлагыг бүрэн хангасан таван бүлэгт 26 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг өгчээ.

Тухайлбал, жимсний бүлэгт чанагч тогоо, төрөл бүрийн хөргүүр, жимс хатаагч, оёдлын бүлгүүдэд шулуун оёдлын машин, уурын индүү, эсгүүрийн бусад хэрэгсэл зэргийг өгсөн байна. Ингэснээр бүлгүүдийн ажлын бүтээмж нэмэгдэж, үйлдвэрлэлийн чанар сайжирч иргэдийн худалдан авалт өсжээ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүлгүүдээс зөөлөн оёдлын 17 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Харин сүүн болон жимс, жимсгэнийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэр төрөл олширч байнгын хэрэглэгчтэй болсон байна. Тухайлбал хатаасан жимс, жимсний өтгөрүүлсэн шүүс, ээзгийтэй тараг зэргийг боловсруулж зах зээлд гаргадаг болжээ.

Ташрамд тус аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилт тавьж нэн тэргүүнд өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажиллаж байгаа аж. “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд сүүлийн нэг жил гаруй хугацаанд хэд хэдэн төрлийн сургалтууд зохион байгуулжээ. Ийнхүү иргэдийг бүлэг болгон хамтран ажиллаж байгаа бөгөөд 62 бүлгийн 470 гаруй гишүүнд 450 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олгохоор төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ