АНУ-ын 40 орчим хотод хөл хорио тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-02 10:39:06

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал өрнөсөөр байгаатай холбогдуулан 40 орчим хотод хөл хорионы дэглэм тогтоожээ. АНУ-ын хамгийн том хот болох Нью-Йоркт энэ арга хэмжээ мөн үйлчилж байна.


Нью-Йорк хотод оройн 23:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл хөл хорионы цаг тогтоож байгаа тухай тус хотын дарга Билл де Блазио мягмар гарагт мэдэгджээ. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, хувийн өмчийг хамгаалах, коронавирусний халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм хязгаарлалтыг авч байгаа тухай баримт бичигт дурдсан байна.


Хөл хөдөлгөөнд тавьсан хоригийг зөрчсөн иргэдийг 3 сар хүртэлх хугацаагаар шоронд хорих, хамгийн ихдээ 500 ам.доллароор торгох аж. Гал сөнөөгчид, цагдаа нар, эмнэлгийн ажилтнууд, хүнсний дэлгүүр болон эмийн сангийн ажилтнуудад хөл хорионы дэглэм үйлчлэхгүй.


Эмх замбараагүй байдал дэгдэх үеэр Нью-Йорк хотын цагдаа нар өнгөрсөн  хоногт 250 гаруй хүнийг баривчилжээ. Энэ үеэр хууль сахиулах байгууллагын 7 ажилтан бэртсэн байна. 


Нийт 40 хотод хөл хорио тогтоожээ

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын 25 хотод шөнийн цагаар гудамжаар явахыг хориглосон бол даваа гарагт хориг тогтоосон хотын тоо 40 болж нэмэгдсэн байна. Дийлэнх хотод хөл хорионы цаг оройн 19:00 цагаас 23:00 цагийн хооронд эхэлж өглөөний 05:00 цагаас 06:00 хооронд дуусаж байгаа аж.


Эсэргүүцлийн улмаас хөл хорио тогтоосон томоохон хотуудын дунд Лос-Анжелес, Сан-Хосе, Сан-Франциско, Чикаго, Филадельфи, Питтсбург, Даллас, Сан-Антонио, Майами, Жексонвилл, Орландо, Колумбус, Цинциннати, Дейтон, Кливленд, Сиэтл, Детройт, Миннеаполис , Сент-Пол, Луисвилл зэрэг хот багтжээ.


Түүнчлэн олон тооны хулгай дээрэм, барилга байгууламж шатаасан тохиолдол гарсан Вашингтон хотод хорио цээрийн дэглэм дор хаяж хоёр хоног үйлчлэх аж.


Африк гаралтай иргэн Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсан явдлын улмаас АНУ даяар өнгөрсөн долоо хоногоос эхлэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. Цагдаа нар Ж.Флойдыг баривчлах үедээ боох мэх ашиглажээ. Энэ хэрэгт холбоотой 4 цагдааг 5 дугаар сарын 26-нд ажлаас нь халсан бол өөр нэг цагдааг санаандгүйгээр хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган хорьжээ.


Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдэх үеэр сүүлийн хэдэн өдрүүдэд 4.4 мянга орчим хүнийг саатуулсан байна. Тэднийг дээрэм тонуул хийсэн, хөл хорионы дэглэм зөрчсөн, зам хаасан зэрэг хэрэгт буруутгажээ. 

 

Холбоотой мэдээ