Ц.Ганзориг: Бульдозерчин хүн орчноо сайн мэдэрч аюулгүй ажиллагааг сайтар хангаж ажиллах ёстой

Орон нутагт | Дархан-Уул
sarantsetseg@montsame.mn
2020-06-04 11:14:49

Шарын голын уурхай буюу “Шарын гол” ХК-ийн Уулын Нэгдсэн хэсгийн бульдозерчин Цонжхорлоогийн Ганзоригтой ярилцлаа. Тэрээр тус уурхайд 37 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад уурхайчин юм.

 

-Уурхайд хэдэн жил ажиллаж байна. Анх уурхайчин болж байсан тухайгаа ярина уу?

-Би анх 1985 онд цэргээс халагдаж ирээд л Шарын голын уурхайн Авто баазад засварчнаар ажилд орж 12 жил ажилласан. Энэ хугацаанд бригадын засварчин, ахлах засварчин зэрэг ажлыг хийж байгаад 1992 онд бульдозерчин болж тэр цагаас хойш одоо хүртэл зөвхөн бульдозероо л барьж операторчнаа л хийж байна даа.

-Бульдозерчин гэхээр чухам ямар ажил үүрэг гүйцэтгэх вэ? Яг ажил үүрэг гүйцэтгэдэг хүний хувьд, бас танай уурхайд бульдозерчин олон байх уу?

-Бид чинь уул уурхайн ашиглалтын талбай, хөрс түрэх, зам талбай тэгшлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Манай уурхайд дээхэн үедээ гучин долоо, найман хүн байсан л даа. Одоо харин цөөрөөд арван бульдозерчин ажиллаж байгаа. Энэ нь хүчин чадал сайтай техникүүд нэмэгдсэн, гүйцэтгэх ажлын хэмжээ зэргээс шалтгаалж цөөрсөн.

-Уурхайчин болсноор таны ажил амьдралд чухам ямар нөлөө үзүүлсэн бэ? Мэдээж ажил мэргэжил бүхэн сайхан гэдэг. Тэр тусмаа уурхайчин гэдэг тийм ч бас элбэг байдаггүй ажил, мэргэжил биз дээ.

-Уурхайчин болсноороо улс, нийгмийнхээ өмнө ихээхэн өндөр хариуцлага үүрч явдаг гэж ойлгодог. Учир нь өвлийн ид хүйтэнд төлөвлөгөөт нүүрсээ хэрэгцээт газарт нь нийлүүлж чадахгүй бол тэнд дулаан бүлээн амьдрал байхгүй болно. Тиймээс хөрс хуулалтаа цаг тухайд нь хийж, авах нүүрсээ бүрэн авч бэлдэх боломжийг бүрдүүлэх нь манай уулын хэсгийн ажлын гол онцлог нь байдаг болохоор цаг нартай уралдаж л ажлаа амжуулдаг даа.

-Та анх уурхайчин болж байсан дурсамжаасаа ярих уу, анхны ажил, анхны хамт олон гээд дурсаж ярих зүйл мэдээж олон л байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Намайг анх уурхайн авто хэсэгт засварчнаар ороход Даваагомбо гэж бульдозерчин байсан. Тэр хүний гар дээр засвар хийж эхэлсэн. Тухайн үед манай уурхайд орос мэргэжилтнүүд олон ажилладаг байсан учраас тэднээс бас их юм сурсан. Тэдний дотроос Владимир гэдэг мэргэжилтэнд шавиар орж ажиллаж байсан. Орос ах нараас их юм сурч түүнийхээ хүчинд бульдозерын янз бүрийн агрегатыг засварлах арга техникт суралцан, түүнээсээ сэтгэн бодож ашиглагдахгүй болж хаягдсан янз бүрийн сэлбэгийг ашиглан өөрийн санаачилгаар юм хийж уурхайдаа багагүй хувь нэмэр оруулж ажилласан даа.

-Нэг л ажил мэргэжил, нэг л төрлийн техник дээр олон жил ажилласан хүн юм байна. Энэ хугацаанд олон хүнтэй хамт ажиллаж байсан байх, тэднээс заримыг нь нэрлэх үү, бас энэ хугацаанд хэр зэрэг олон шавьтай болсон бэ?

-Надтай хамт олон жил гар нийлж ажилласан Болдбаатар, Гомбодорж, Батбаяр гээд сайн сайн засварчид байгаа. Үргэлжлээд тэдний хүүхдүүд ч бас хамт ажиллаж байна. Тэднийг үе дамжсан засварчид гэж хэлж болно. Шавь нар гэвэл Батбаатар, Батбаяр, Очирбат гээд нэрлэвэл олон байгаа.

-Уулын нэгдсэн хэсэг гэхээр ямар ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ? Бульдозерчин, засварчдаас гадна?

-Манай нэгдсэн хэсэг Мөнхбат даргатай хамт олон байдаг. Бид уулын мөргөцөгийн бүх ажил болох хөрс хуулалт, нүүрс олборлолт, зам талбайг засахаас өгсүүлээд бүх ажлыг хийдэг. Хэсэг  маань 150 гаруй ажиллагсадтай уурхайн гол хэсэг гэж явдаг.

-Түрүүн та цэргээс халагдаад шууд Шарын голын уурхайд ажиллахаар ирсэн гэж байсан, Та өөрөө аль нутгийн хүн бэ?

-Миний төрсөн газар бол Баянхонгор аймгийн Байдраг, тэгээд 1975 онд Шарын голд шилжиж ирээд одоо хүртэл ажиллаж амьдарч байна. Манай уурхай чинь Монгол Улсын хамгийн том ил уурхай байсан одоо ч ажиллаж байна. Ингэж он удаан жил ажилласнаараа маш их олон инженер, техникийн ажилчдыг бойжуулж бэлтгэсэн уурхай даа. Баатар гавьяатууд ч олон төрсөн. Энэ их олон сайхан хүмүүсийн шавь нар Монгол Улсын уул уурхайн бүх салбарт ажиллаж байна. Иймээс манай уурхай чинь үе үеийн уурхайчдыг бэлтгэх сургалтын бааз болсон газар гэж хэлж болно. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатын хэлсэн үг байдаг. Энэ нь “Шарын голын уурхай бол уул уурхайн анхдагч, сургалтын бааз мөн” гэсэн байдаг. Энэ хүн манай уурхайд ерөнхий инженерээр ажиллаж байсан. Тэр үед нь би ч бас ажиллаж байсан.

-Урьд нь таны анх ажилд орж байсан 37 жилийн тэртээх уурхай, өнөөгийн уурхай хоёрыг харьцуулахад ямар байдаг вэ, та нэг сайхан дурсаж ярих уу?

-Тэр үеийн уурхайтай одоогийнхыг харьцуулж яаж болох вэ дээ. Тэр үеийнхээс одоо чинь техник технологи их хөгжсөн, мэдлэг боловсрол, чадвар сайтай инженер, техникийн ажилчдаар бүрэн хангагдсан байна. Энэ нь улс нийгэмд өндөр үр ашгийг өгч байна даа.

-Таны анхны барьж эхэлсэн техник чинь ямар маркийнх байсан бэ, одоо ямар маркийн техник барьж ажиллаж байна вэ?

-Миний анхны эзэмшиж байсан бульдозер бол Оросод үйлдвэрлэсэн ДТ-250 гэдэг 250 морины хүчтэй техник байсан, түүнийгээ олон жил барьсан даа. Сүүлдээ гуравдагч орны техник орж ирэхэд манай уурхайд Камацу 55 гэдэг трактор ирж байсан түүнд сургагдаж бэлтгэгдээд барьж эхэлсэн, тэр цагаас хойш дандаа Камацугийн 2-75, 55 гэсэн бульдозеруудыг барьж байгаа. Одоо миний барьж байгаа нь Камацу-Д275 дээр ажиллаж байна. Энэ техник нь сүүлийн үеийн компьютр технологиор тоноглогдсон техник. Ер нь бульдозерчин хүн ажлынхаа талбайд орчноо сайн мэдэрч аюулгүй ажиллагааг сайн хангаж ажиллах ёстой. Мэргэжлийн онцлог гэвэл өмнөө том түрдэг хэсэгтэй болохоор жолоочид юу ч харагддаггүй тиймээс өөрийн мэдрэмж зөв тоймоор л ажлаа хийнэ. Машин бол зөвхөн урагшаагаа явдаг бол бидний гинжит техник маань ажлын шаардлагаар суурин дээрээ хаашаа ч эргэж болно. Техникийн хүчин чадлыг зөв ашиглаж үр дүнтэй ажиллах ёстой. Зам дээр унасан чулуу, саад болсон болгоныг түрж цэвэрлэж грейдерчний үүргийг ч бас давхар гүйцэтгэж ажилладаг даа.

-Ажлаа хийж явахад элдэв янзын юм их тохиолддог байх даа. Заримаас нь сонирхуулж ярьж өгөөч?

-Би чинь анх бульдозерчин болчихоод уурхайдаа шөнийн ээлжинд гарч таараад бульдозертайгаа шөнө нь алсын отваль руу тарас хийхээр Алтангэрэл гэдэг машинчтайгаа хамт явсан юм. Замдаа явж байтал нөгөө хүн чинь намайг шинэ хүүхэд болохоор жаахан шоглоод айлгах гээд чөтгөр, шулам гэх зэргээр баахан юм яриад л явж байсан, би ч нэг их юм бодоогүй явж байгаад ажлаа хийчихээд ганцаараа буцаад явж байсан чинь ард түс тас, түс тас гээд юм нүдээд байхаар нь айчихсан явсан хүн чинь нүдээ аниад хаазаа гишгээд хурдаа нэмлээ дээ. Тэгж явсаар байгаад гэрэлд орж ирээд харсан чинь бүтээлэг берзентний оосор нь тайлагдаад кабиныг нүдсээр байгаад намайг айлгачихсан байсан даа. Энэ мэтээр хөглөж будилсан юм нэлээд байгаа.

-Танай хэсэг чинь уурхайдаа хамгийн олон хүнтэй, ажлын бүтээлээрээ шилдэг гэсэн. Өөр ямар ямар амжилт гаргадаг байсан бэ?

-Манайх чинь уурхайдаа ер нь ажил төрөл, урлаг, спорт бүх юмаараа тэргүүлдэг хамт олон л доо. Миний шавь Баасандорж, Дамбийням нар дуулж хуурддаг, спортоор гэхэд сагс, волейболын улсын зэрэгтэй Алтангэрэл нарын олон хүн байгаа. Эцэст нь хэлэхэд "би уурхайчин болсондоо үнэхээр их бахархдаг. Шарын голын уурхайн амт олон намайг байнга дэмжиж байдагт дандаа баярлаж явдаг” гэлээ.

Шарын голын уурхайн Уулын үйлдвэрийн хэсгийн дарга Г.Мөнхбат: “Ганзориг ах бол манай уурхайд 37 дахь жилдээ ажиллаж байгаа үлгэр дууриалал болсон ахмад уурхайчин. Миний мэдэхийн сүүлийн арваад жил хамт ажиллаж байна. Тэрээр залуу хойч үеэ сурган хүмүүжүүлдэг, олон жилийн дадлага туршлагатай, олон шавь төрүүлсэн манай хамт олны дунд манлайлагчдын нэг. Ялангуяа бульдозер гэдэг техник дээр сүүлийн 34 жилийн турш ажиллаж байгааг харахад энэ хүний ажилдаа дуртай, үр бүтээлтэй, хариуцлагатай, шинийг санаачлагч гэдгээ харуулж ирсэн хүн. Тухайлбал бульдозер гэдэг чинь гинжит техник. Ийм хүнд миханизм дээр он удаан жил ажилланаа гэдэг маань энэ хүнээс хэдий хэмжээний их хичээл зүтгэл, тэвчээр, хүч хөдөлмөр гарч зарцуулж ирсэн бэ гэдэг нь тодорхой.

Манай хэсэгт одоо ажиллаж байгаа 12 бульдозерчин бий. Тэдний найм нь Ганзориг ахын гарын шавь юм. Одоо ажиллаж байгаа шавь нараас нь дөрвөн тэргүүний уурхайчин байна. Урьд нь ажиллаж байгаад говийн уурхайнууд руу шилжиж очоод тэндээ үр бүтээлтэй ажиллаж байгаа шавь нар нь ч бас олон байгаа. Миний бие энэ сайхан хүний ажил үйлсийн талаасаа илүү хүн чанарын талаар нь их хүндэлж явдаг. Уурхайд зөвхөн бульдозер дээр 34 жил ажиллахдаа ердөө дөрөвхөн техник дээр л ажилласан байдаг. Одоо ашиглаж байгаа дөрөв дэх бульдозер нь манайд хоёр жилийн өмнө ашиглалтад орсон Японы Камацу Д275  маркийн техник байгаа. Тэрнээс өмнө ашиглаж байсан Оросын бульдозер, Камацу-6 зэрэг техникээр найман жил тасралтгүй бригадыг нь ахалж үр бүтээлтэй ажилласан. Нэг техник дээр ийм удаан үр бүтээлтэй ажиллана гэдэг нь уул уурхайн салбарт нэлээд өндөр үзүүлэлт. Хөдөлмөр бүтээлийнх нь амжилтын талаар дурдах нь зүйтэй байх. Цонжхорлоогийн Ганзориг гэдэг энэ хүн хөдөлмөрийхээ амжилтаараа компанийн таван удаагийн хөдөлмөрийн аваргаар шалгарч салбарын тэргүүн, ойн медалиудыг авч байсан бол 2006 онд төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2008 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан манай шилдэг тэргүүний уурхайчдын нэг юм” гэв.  

                                                                                                                           Ярилцсан Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ