Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл олны анхаарлыг татсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-09 13:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад хэзээ оруулах бол гэсэн орон нутгийн ард иргэдийн болон тус замаар үйлчлүүлдэг аж ахуйн нэгж хамт олноос даруйхан шийдвэрлэх асуудал болгон шаардлага тавьсаар байгаа юм.


Уг замын бүтээн байгуулалтад ажиллах 105 ажилтан урд хөршөөс ирж чадахгүй байгаагаас ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ замаар өдөрт дунджаар 6 мянга шахам тээврийн хэрэгсэл зорчиж байгаа бөгөөд зуны амралт, аялал жуулчлалын үеэр 12 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг гэсэн судалгаа байдаг.


Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн болон нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийн ажил үйлстэй энэ зам салшгүй холбоотой учраас тэд бухимдах нь аргагүй юм.  Тиймээс ч Монголын хамгийн их хөдөлгөөн, ачаалалтай замуудын нэгд зүй ёсоор тооцогддог.


Авто зам засварт байх энэ хугацаанд, уг замд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн гомдол тасрахгүй байгаа юм. Цаашдаа ч хэчнээн иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохыг таашгүй юм.


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан товч мэдээллийг танилцуулж байна.


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Тус чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж 2 эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон. Тус авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр; шинээр нэмж барих 2 эгнээ авто замын Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк /ЕСБХОБ/-ны хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.


Ажлын явц байдлын талаар тус бүрээр авч үзвэл, АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:


Төслийг хэрэгжүүлэх 60 сая ам.долларын МОН-3679 зээлийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АХБ хооронд байгуулагдсан. Нэмэлт 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 оны 03 дугаар сард хийсэн бөгөөд зээлийн гэрээг 2019 оны 06 дугаар сард байгуулахаар төлөвлөсөн.


Тус зээлийн хөрөнгөөс Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 2 эгнээ нийт 204  км авто замыг 4 эгнээ авто зам болгохтой уялдуулан өргөтгөх ажлыг нийт 83.4 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. /Төслийн 1 дүгээр шатны зээлээс 41.7 сая ам.доллар, 2 дугаар шатны зээлээс 41.7 сая ам.долларын санхүүжилт тус тус хийхээр./



Төслийн зам барилгын ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөхийг сонгон шалгаруулж, шалгарсан Энэтхэг Улсын “Intercontinental Consultants & Technocrats Pvt Ltd” компанитай 4.3 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.


Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 21-нд зарласан бөгөөд гүйцэтгэгч байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр сонгон шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээний хэлэлцээрийг хийж, 2 багц хэсгийг гэрээг байгуулаад байна. Үлдэж байгаа 3 багц хэсгийн гэрээг 06 сарын 14-нд байгуулна. 


Зам барилгын ажлын талбайг бэлтгэх хүрээнд зурвас газар чөлөөлөх /зам дагуух барилга объект, цахилгаан, холбооны шугам, сүлжээг нүүлгэн шилжүүлэх гэх мэт/ ажлын нийт 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдын багцаас шийдвэрлэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргасан. Зам дагуух жижиг барилга, объектийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж дууссан. Цахилгаан, холбооны шугам сүлжээг зурвас газраас шилжүүлэх ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн авто зам дагууд түр зам гаргах ажил хэрэгжиж байна.


АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил: 

Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,11 км авто замын шинэчлэлтийн барилгын ажлыг нийт 5 багц болгон хуваан шинэчилж өргөтгөхөөр ажиллаж байна.


Баруун турууны даваа, 52-ын даваа, 60-ын даваа, Хараагийн даваа, Сэтэрхий хөтөл, Хустайн даваа гэх зэрэг газруудад налууг багасгаж, Баруун түрүүний даваа, 60-ын даваа, Тайсын хөтөл, Баянгол орчимд байх огцом эргэлтүүдийн радиусыг нэмэгдүүлсэнээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин сайжирна. Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдсэнээр 204,11 км асфальтобетон хучилтай, 11 м өргөнтэй 2 зорчих хэсэг бүхий 22 м өргөн авто зам болно. Нийт дөрвөлжин хоолой 103 ширхэг, дугуй хоолой 155 ширхэг, 8 гүүр, авто зогсоолууд баригдана.


Төслийн байршил: Нийт 202,4 км-ийн урттай авто зам барих төсөл нь Улаанбаатар хотын гадна орших Дархан-Эмээлтийн тойрог уулзвараас эхлэх бөгөөд нийт гурван аймаг, зургаан сум, буюу Төв аймгийн Баянчандмань ба Борнуур сум, Сэлэнгэ аймгийн Мандал ба Баянгол сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумдын нутгийг дайран өнгөрч, мөн Дархан-Уул аймагт орших Дархан хотын өмнөд хэсэгт төгсөнө. Төсөл нь дараах 5 хэсэг буюу “багц”-д хуваагдана.


1-р багц: Улаанбаатар хотоос Дархан болон баруун аймгуудын зам салдаг тойрог уулзвараас-Хар модотын (52-ын даваа)-ны ар хүртэлх 37,26 км

2-р багц: Хар модотын давааны араас Тайсын хөтлийн өвөр хүртэлх 45,50 км

3-р багц:Урьхан зоогийн газрын орчмоос Бор толгой буюу Төв аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замын уулзвар 45,74 км

4-р багц: Бор толгой буюу Төв аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замын уулзвараас-Цайдамын хөндий хүртэлх 45,05 км

5-р багц : Цайдамын хөндийгөөс Дархан хотын тойрог уулзвар хүртэлх 30,53 км


Авто замын хучилтын хийц нь асфальтбетон хучилт 5 см, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 см, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см, суурийн доод үе 30 см байх юм байна.


Худалдан авах ажиллагааг танилцуулахад: 1. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч. Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр баригдах авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зарлаж, тус тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн. Сонгон шалгаруулах үйл ажиллагааг Олон улсын зөвлөхийн дэмжлэгтэй зохион байгуулж, холбогдох дүрэм журманд нийцүүлэн үнэлж дуусаад, Банкинд хүргүүлээд байна. 2020 оны 6 дугаар сард багтаан гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


2. Техник технологийн хяналт тавих зөвлөхийн үйлчилгээ. Тус тендерийг 2019.10.29-ний өдөр зарласан. Сонгон шалгаруулах үйл ажиллагааг Олон улсын зөвлөхийн дэмжлэгтэй зохион байгуулж, холбогдох дүрэм журманд нийцүүлэн үнэлж дуусаад, Банкинд хүргүүлээд байна. 2020 оны 5 дугаар сард багтаан гэрээ байгуулахаар ажиллаж байна.


3. Төслийн хэрэгжилтэд үзүүлэх дэмжлэг зөвлөх үйлчилгээ. Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулах тендерийг 2019.08.15 болон 2019.12.06-ны өдөр тус тус 2 удаа зарласан боловч тендер амжилтгүй буюу хүчингүй болсон байна. Иймд ажлын даалгаварт өөрчлөлт оруулж, дахин зарлахаар төлөвлөн ажиллаж байна.


4. Авто замын засвар арчлалтын хөрөнгө оруулалтыг сайжруулах, салбарын чадавхийг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээ. Тус зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хэлэлцэж, холбогдох саналыг Банкинд хүргүүлэв. Банкны зүгээс хүлээн авснаа нотолж, санхүүгийн мэргэжилтэнд шилжүүлснээ мэдэгдээд байна. Тендер удахгүй зарлагдана.

Холбоотой мэдээ