Алтай, Бугат суманд онгоц хөөрч, буух зурвас байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-11 00:30:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, орон нутаг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Алтай, Бугат суманд онгоц хөөрч, буух зурвас байгууллаа.


Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, аймгийн Засаг даргатай байгуулсан зам, тээврийн салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны гэрээ”-г үндэслэн ерөнхий зориулалтын нисэхийн зурвас байгуулах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, зурвас байгуулах санхүүжилтийг орон нутгийн төсвөөр шийдвэрлэж, агаарын хөлгийн хөөрч, буух зурвасыг байгуулсан байна. Уг зурвасыг “Эркари интернэшнл” компани ажлын даалгаврын дагуу төлөвлөгөөт хугацаанд нь байгуулж, зургаадугаар сарын 8-ны өдөр комисст хүлээлгэн өгөв.

Бугат сум нь 2200 гаруй хүн амтай, аймгийн төвөөс 210 километрт, Алтай сум 2100 орчим хүн амтай, аймгийн төвөөс 360 километрт оршдог бөгөөд өндөр уул, даваа бартаа ихтэй, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төвтэй холбогдоход хүндрэл үүсдэг. Тус сумдад ийнхүү хөөрч, буух зурвас байгуулснаар иргэд агаарын тээврийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ