Гудамж талбайг камержуулснаар болзошгүй эрсдэлээс хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-11 10:49:06

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв, Улиастай сумын хяналтын камеруудыг гудамж төсөлтэй холбоотой түр зогсоосон байсан бөгөөд өнөөдөр хэвийн ажиллагаанд орсон тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд орчноо камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох зайлшгүй шаардлагатай. Камер, гэрэлтүүлэг нь зөвхөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг биш юм. Аливаа эрсдэл, гаднын нөлөөнөөс хамгаалах, таны болон бусдын аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байдаг юм. Улиастай суманд “Гудамж” төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж сумын хэмжээнд хатуу хучилттай автозамын шинэчлэл, өргөтгөл засвар хийж байгаа. Энэ үеэр Улиастай сумын хэмжээнд тавьсан хяналтын камеруудыг түр салгасан байсан. Ингээд 2020 оны зургаадугаар сарын долооны өдрөөс эхлэн камеруудыг хэвийн ажиллагаанд орууллаа. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил сайжирч, гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурч, илрүүлэлт өссөн үзүүлэлттэй байна. Аймгийн төвийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 74 хяналтын камер хэвийн ажиллагаатай байна хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.


 Асгат, Цэцэн-Уул сумыг бүрэн камержуулжээ

Завханы 17 сум нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа бүрэн камержуулжээ.

Тухайлбал, энэ сард Завханы Асгат, Цэцэн-Уул сум гудамж талбайгаа камержуулсан байна. Тус ажлыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сумын орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж, нутаг дэвсгэрийг бүрэн хяналтын камертай болгожээ. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгддэг иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн болон хулгай, зам тээврийн осол хэрэг, зөрчлийг бууруулах. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд камер ач тустай байдаг. Шинээр суурилуулсан энэхүү камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр бичиж, цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай юм. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг татаж таних бүрэн боломжтойгоороо онцлогтой. Камер суурилуулснаар тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил буурч, илрүүлэлтэд ахиц гарна гэж үзэж байна. Хяналтын камерыг суурилуулан, гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх нөхцөл бололцоогоор хангаж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн аймаг, сумын удирдлагуудад талархал илэрхийлье хэмээн аймгийн Цагдаагийн газраас нэмж дуулгав.  


Хяналтын камер ашигласнаар олон давуу тал бий болсон гэв

Завхан аймагт сүүлийн хоёр жил нийтийн эзэмшлийн гудамж талбай, байгууллага бүр дотор гадна орчноо камержуулах ажлыг идэвхтэй хийсэн нь үр дүнгээ өгчээ.

Тухайлбал тус аймагт гудамж талбайд үйлдэгддэг хэрэг зөрчил сүүлийн хоёр жил 30 гаруй хувиар буурсан байна. Мөн хулгайн гэмт хэрэг, зам тээврийн эзэнгүй осол хэрэг буурч илрүүлэлт сайжирсан дүнтэй байна. Ер нь хяналтын камер ашигласнаар олон давуу талтай. Тухайлбал гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг бодитой статистикт тулгуурлан үр дүнтэй зохион байгуулах. Иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч цаг алдалгүй арга хэмжээ авах. Хаана, ямар төрлийн гэмт хэргийн гаралт өсөж, буурч байгааг богино хугацаанд, бодитойгоор тодорхойлсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх оновчтой бодлого хэрэгжүүлэх. Гэмт хэрэг, зөрчил их гардаг цэгүүдийг хяналтад бүрэн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох. Гэмт хэрэг, зөрчлийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллуулах. Олон нийтийн газар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлагыг шуурхай мэдээлснээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм хэмээн аймгийн Цагдаагийн газраас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ