“Covid-19”-н нөхцөл байдал дэлхий дахинд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. АНУ коронавирусний эсрэг эм туршиж, Египет аялал жуулчлалын газруудаа
нээхээр зэхэж байгаа бол ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо хагас сая
даваад байна. Дэлхий дахины “Covid-19”-н нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг “BBC” агентлаг багцлан хүргэж байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д халдвар авсан хүний тоо 2
сая давжээ. Харин ОХУ-д халдварын тохиолдлын тоо 500 мянга давж, нийт
тохиолдлын тоогоор АНУ болон Бразилын араас жагсаж байна. Тус улсад халдварын
улмаас нас барсан тохиолдлын тоог хэдэн арван улстай харьцуулахад бага байна.
Нас баралтын түвшин ОХУ-д бага байгааг тайлбарлахад хэцүү юм байна хэмээн
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ долоо хоногт мэдэгджээ. Харин халдварын улмаас
нас баралтын тоог бууруулсан байж болзошгүй гэдгийг эрх баригчид няцаасан
байна.
АНУ коронавирусний эсрэг эмийг туршиж эхэлжээ
АНУ-ын “Regeneron Pharmaceuticals” компани “Covid-19”-н эмчилгээнд зориулсан эсрэг биетийн туршилтын “коктейл”-ийг
хүмүүс дээр туршиж эхэлжээ.
Судалгаанд хэдэн мянган өвчтөнийг хурдан хамруулах боломжтой гэж Биотехнологийн
компанийн эрдэм шинжилгээний ажилтан Жорж Янкопулос мэдэгджээ.
“Бүх зүйл сайнаар эргэвэл бид хоёр долоо хоногийн дараагаас хоёрдугаар үе
шатандаа орно. Шинэ эм үйлчлэх эсэхийг бид нэг сарын дотор мэдэх болно” хэмээн
тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Эрдэмтэд плацебо эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд болон шинж тэмдэг нь
тодорхойгүй илэрсэн өвчтөнүүдэд “REGN-COV2” эсрэг биетүүдийг хэрэглэсний үр дүнг харьцуулж байгаа
аж.
Олон нийтийн эсэргүүцэл ба “Covid-19”-н тархалт
Жорж Флойд нас барснаас хойш дэгдэж эхэлсэн олон нийтийн эсэргүүцэл “Covid-19” халдварт өвчний тохиолдлын тоог нэмэгдэхэд хүргэж
болзошгүй гэж АНУ-ын эрх баригчид анхааруулжээ.
“Бид иргэн бүрийн эрхийг хүндэтгэж
байгаа хэдий ч эрхээ аюулгүй эдлэхийг уриалж байна” хэмээн АНУ-ын дэд
Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.
Сүүлийн долоо хоногуудад халдвар шинээр илэрсэн тохиолдлын тоо буурч байгаа
нь ажиглагдсан хэдий ч эсэргүүцлийн үеэр амны хаалт хэр үр дүнтэй байсныг хэлэхэд
хэцүү юм хэмээн эрх баригчид мэдэгджээ.
Цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй тухай мэдээлэл гарсантай
холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн зах зээлүүдийн индексүүд буурчээ.
Эсэргүүцэлтэй холбоотойгоор цар тахал дахин дэгдэж болзошгүй байгаад санаа
зовниж байгаа нь зөвхөн АНУ биш юм. Тухайлбал, Мельбурн хотод болсон олон
мянган хүнийг хамарсан жагсаал цуглаанд оролцсон нэгэн иргэнээс жагсаалын
дараагийн өдөр нь коронавирусний халдвар илэрчээ. Жагсаалд оролцох үедээ
тэрбээр амны хаалтаа зүүсэн байжээ. Гэсэн ч халдвар тархах эрсдэл хэр буурсан
нь тодорхойгүй юм.
Өөрийгөө тусгаарлах дүрэм журмын дагуу эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх нь
хууль бус хэвээр байгаа гэж Их Британийн Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдэгдсэн
байна. Түүнчлэн тэрбээр улс оронд халдварын тохиолдлын тоо хангалттай буурсан
гэж үзэхгүй байна.
АНУ дахь ажилгүйдэл
Өнгөрсөн долоо хоногт 1.5 сая гаруй иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах
хүсэлтээ гаргасан тухай АНУ-ын Хөдөлмөрийн яам мэдээлжээ. Ажилгүйдлийн тэтгэмж
авах хүсэлтийн тоо 3 дугаар сараас эхлэн 2 саяас бага байна. Цар тахал дэгдэж
эхэлснээс хойш 40 сая гаруй хүн ажлын байраа алджээ.
Муж улсууд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэсэгчлэн сулруулж эхэлснээр 5
дугаар сараас компаниуд ажилтан авч, нөхцөл байдал сайжирчээ.
Тайландын алдарт сүм хаалгаа
барьжээ
“Covid-19”-н тархалтаас сэргийлэх зорилгоор Тайландын алдартай буддын сүмд гадны иргэдийг
нэвтрүүлэхийг хоригложээ.
Тайландын хамгийн том сүм Ват По нь хэвтэж буй бурхан Буддагийн нимгэлэн
давтсан алтаар бүрсэн аварга том баримлаар алдартай юм.
Хилийн чанадыг зорьж буй
ажилтнуудад зориулсан туршилтын вакцинууд
Үр дүнтэй байдлыг нь шалгахын тулд коронавирусний эсрэг шалгагдаагүй вакцин
хийхийг төрийн байгууллагын ажилтнуудад санал болгож байгаа тухай Хятадын олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Вирусний эсрэг вакциныг гарган аваагүй байгаа хэдий ч эмнэлзүйн туршилтуудыг дэлхий
дахинд эхлүүлээд байгаа билээ.
Ажлын шугамаар хилийн чанадыг зорьж буй ажилтнууд вакцины хоёр хувилбараас
нэгийг нь сайн дураараа сонгох боломжтой аж.
"Бид хилийн чанадыг зорьж буй ажилтнуудынхаа вакцинжуулалтад эн тэргүүнд
анхаарлаа хандуулна" гэж “Sinopharm” эмийн компани мэдэгдэлдээ дурджээ.
Египет хилээ нээж байна
Египет 6 дугаар сарын 1-наас эхлэн олон улсын нислэгүүдээ сэргээж, гадны
жуулчдад далайн эргийн зарим амралтын газраар аялахыг зөвшөөрчээ.
Хамгийн түрүүнд Улаан тэнгис тэр
дундаа Өмнөд Синайн амралт сувиллын газрууд, Александриа хотоос баруун зүгт
байрлах газар дундын тэнгисийн эргийн газруудыг нээх аж. Коронавирусний
тархалтын тогтоон барих зорилгоор Египет нисэх онгоцны буудлуудаа 3 дугаар сард
хаажээ
Африкт коронавирусний цар тахал хурдацтай тархаж байна
Коронавирусний халдварт хамгийн бага өртөөд байсан Африк тивд халдвар
хурдацтай тархаж эхлээд байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
анхааруулжээ.
Африк тивд бүртгэгдсэн 200 мянга орчим тохиолдлын гуравны хоёр орчим нь тус
тивийн 10 улсад дэгджээ. Өмнөд Африк халдварт хамгийн их өртжээ.
Африк тивд тулгамдаад байгаа гол асуудлуудын нэг нь коронавирусний оношлуурын
иж бүрдэл зэрэг тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болж байна гэж Африк дахь ДЭМБ-ын
тэргүүн Матшидисо
Моети мэдэгджээ.