Ливанд эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-13 15:23:56

БЕЙРУТ. /Reuters/. Ливанд эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн олон зуун хүн хоёр дахь өдрөө жагсаал цуглаан өрнүүлж, зам дээр гал тавьж, аюулаас хамгаалах хүчний алба хаагчидтай мөргөлджээ. 


Үндэсний мөнгөн тэмдэгт ливан фунтийн ханш пүрэв гарагт түүхэнд байгаагүйгээр унаснаас хойш олон хотод жагсаал цуглаан өрнөж эхэлжээ. Ливан фунтын ханш санхүүгийн хямрал эхэлсэн өнгөрсөн 10 дугаар сараас хойш 70 орчим хувиар унасан бөгөөд коронавирусний цар тахал нөхцөл байдлыг улам даамжруулжээ. 


Баасан гарагт нийслэл Бейрут болон хойд нутгийн Триполи хотод жагсагчид цагдаагийн ажилтнууд руу чулуу шидэж, салют буудуулсан бол цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашигласан байна. 


“Төв банк фунтын чөлөөт уналтыг зогсоохын тулд зах зээлд илүү их ам.долларыг нийлүүлж эхэлнэ” гэж Засгийн газар баасан гарагт мэдэгдсэний дараа ханшийн уналт зогсох төлөв ажиглагдсан бөгөөд уг арга хэмжээг даваа гаргаас хэрэгжүүлж эхлэх ажээ. 


Ливаны Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд олон тэрбум ам.долларын санхүүжилт хүсэхээр Олон улсын валютын сантай хэлэлцээ хийхээр бэлтгэж буй үед дээрх үйл явдал болжээ. 

Холбоотой мэдээ