Р.Баяртүвшин:Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагддаг

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-06-15 12:25:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон өнгөрсөн жил Их газрын чулууны уулнаа тарвага нутагшуулан хамгаалж байна.

Энэ хавар хуурайшилт ихтэй байгаа учраас тус хамт олон нутагшуулсан амьтдаа хамгаалах олон ажлыг санаачлан хийж байна. Тус захиргааны дарга Р.Баттүвшинтэй энэ тухай ярилцлаа. 


-Өнгөрсөн жил танай хамт олон Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас монгол тарвага авчран нутагшуулж байсныг санаж байна. Энэ хавар салхи шороо их тавьж, хуурайшилт ихтэй байна. Нутагшуулсан тарвагануудын нөхцөл байдал ямар байна вэ?

-Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 2019 оны яг өдийд Хустайн байгалийн цогцолборт газраас тарвага сэргээн нутагшуулаад яг нэг жилийн нүүр үзэж байна. Нутагшуулсан тарваганууд говь нутагт ирээд анхныхаа хаврыг тууллаа. Хуурайшилт ихтэй хүндхэн цагийг өнгөрүүлж зунтай золгосон ч мөн л хур бороо орохгүй өдөр болгон шороо шуурсан зуны өдрүүд үргэлжилж байна.

Нөхцөл байдал хүндхэн байна. Бид нутагшуулсан цөөхөн хэдэн амьтандаа ихээр санаа зовж ойр орчмын талбайд нь 5, 6 сард 2 удаагийн усалгааг зохион байгуулсан. 5 дугаар сард ойр орчмын бут, дэрсийг, дараагийн услалтаар дошны ойролцоох 20х30 метрийн харьцаатай талбайд 5-8 хуруу чийгтэй болтол нь 7 хэсэг газар усаллаа.

-Уг нь Их газрын чулуу тарваганы орон байсан даа. Яагаад огт тарвагагүй болсон юм бол, тарвага өсгөх нь ямар ач холбогдолтой вэ?

-Тарвага гэдэг амьтан маань цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг маш их үр нөлөөтэй бас их сонирхолтой амьдралтай амьтан. Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагддаг.

Их газрын чулууны уул, түүний орчин тойрны нутаг 2000 оны дунд үе хүртэл аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Харин иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж, 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасаж, ер нь бараг устсан.

2017 оноос хойш тус нутагт тарвага ганц нэгээр үзэгдэх болж, 2018 онд Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тарваганы тооллого явуулахад тодорхой тооны тарвага нутагшиж байсан. Тиймээс тарвага нутагшуулах санаа төрсөн.

-Энэ төслийнхөө талаар танилцуулаач, мэдээж төсөл хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт, дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй шүү дээ.

-Анх Хаалгын хаданд тарвага сэргээн нутагшуулсан Б.Бат-Эрдэнэ ахтай уулзаж тарваганы талаар сонирхолтой яриа өрнүүлж заавар зөвлөгөө авч байсан. Тэгээд 2017 онд “Их газрын чулууны ууланд тарвага сэргээн нутагшуулах" төслөө бичсэн.

Төслийнхөө санхүүжилтыг босгох гэж нэлээдгүй хүмүүстэй уулзаж, санхүүжилт хайсаар цаг хугацаа өнгөрсөөр, хот хүрээ явах болгондоо тарваганыхаа төслийг цүнхэндээ авч явдаг болсон. Ам нээвэл төслөө ярьдаг, зарим хүмүүс ч бүтэхгүй зүйл ярьж байна гэж боддог байсан байх.

2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдах ажилтны цугларалтаар тухайн үед яамны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Нансалмаатай уулзахад Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Х.Ганбаатартай уулзах зөвлөгөө өгсөн. Тэгээд Ганбаатар захиралтай уулзаж, төслөө  танилцуулсан. Тэрээр их сайхнаар хүлээн авч сайдад хандаарай сайхан ажил байна, миний зүгээс дэмжиж ажиллах болно гэсэн.

Тэгж хэлэхэд нь маш ихээр баярласан. Тэгээд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Санхүүгийн хэлтэс, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сайдад хандаж төслөө танилцуулаад, бүгд дэмжээд санхүүжилт олгох шийдвэрийг сайд гаргаж, ингээд олон хүний дэмжлэгээр төслийн хөрөнгө оруулалт бүтсэн дээ.

Тэгээд Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэвээс танайхаас тарвага нутагшуулья гэхэд дэмжсэн. Ингээд л төсөл маань олон хүний дэмжлэгээр хэрэгжсэн

-Ярилцсанд баярлалаа

 

Холбоотой мэдээ