Агаарын бохирдлыг бууруулах дараагийн шийдлийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-17 13:06:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар 2050 онд хаягдалгүй хот болно. Үүний тулд олон төвт хотын тогтолцоо бий болгож, хог хаягдлаас эрчим хүч гаргана" гэж Нийслэлийн агаар, орчны бохирдол  хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал өнөөдөр "Туушин" зочид буудалд эхэлсэн “Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлов. 

Тэрээр, “Агаар, орчны  бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-нд 2025 он гэхэд агаарын бохирдлыг үе шаттайгаар 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүнээс Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халлаа. 


Айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, түүнийг хянах, борлуулах үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах чиглэлээр ажилласны үр дүрд агаарын бохирдлын зарим үзүүлэлтийг 50 хүртэлх хувиар бууруулж чадсан"-ыг танилцуулсан юм. Одоо нийслэлийн зүүн бүсийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах, 2 дахь үйлдвэрийг барьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бодитоор бууруулан, цахилгаан хийн халаагуурыг хэрэглээнд нэвтрүүлж байна гэв. 

АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимээс 2018-2019 онд дотоод орчны агаарын чанарыг түүхий нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээгээр харьцуулан судалжээ. Судалгаагаар өмнөх оныхтой харьцуулахад дотоод орчны агаарын бохирдлын ПМ2,5 тоосонцрын хэмжээ 40 хувиар буурчээ. 


Өнөөдрийн хурал дээр хуучин нэршил буюу "Цэвэр агаар" төсөл үргэлжилж байна гэж үзвэл агаар, орчны бохирдлыг бууруулах энэхүү үйл ажиллагаа нь гэр хорооллын утааг бууруулж чадсан шиг одоо нийслэлийн утааны 20 хувийг "үйлдвэрлэж" буй тээврийн хэрэгслийн утааг багасгахад шилжин чиглэнэ гэсэн санаа давамгайлж байв. Мөн хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа. 


АНУ-ын Сент Лиус дахь Вашингтоны Их Сургуулийн Маккелви инженерийн сургуулийн дэд захирал, профессор Жей Турнер, сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдлын зарим үзүүлэлтийг 30-50 хувиар бууруулсан. Харин одоо үйлдвэрүүд болон  тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулах хэрэгтэй. 


Мөн дотоод агаарын бохирдлыг бууруулах нь чухал. Дотоод агаарын тоосонцрын хэмжээ гадаах агаарын бохирдлоос 15-45 хувиар бага байдаг. Иймээс агааржуулалтын системийг сайжруулах хэрэгтэйг зөвлөлөө. Эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд тулгуурлан цаашид Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг "дахин" төлөвлөж, халаалт, галлагаанд технологийн шинэ санааг дэвшүүлэх ажээ. 

Өнөөдрийн хурал дээр хэрэв "Цэвэр агаар" төсөл үргэлжилж байна гэж үзвэл энэхүү үйл ажиллагаа нь гэр хорооллын утааг бууруулж чадсан шиг одоо орчны буюу тээврийн хэрэгслийн утааг багасгахад шилжин чиглэнэ гэсэн санаа давамгайлж байв. Мөн цаашид хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа. 


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас ШУА-тай хамтран зохион байгуулж буй “Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хуралд МУИС, ШУТИС, НЭМҮТ, Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон АНУ, Хятад, Япон  зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцож байна. 

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. 


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ