Б.Анура:Монгол Улсад сүүлийн 5 жилд хог хаягдлын хэмжээ 4 дахин нэмэгдсэн

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2020-06-23 18:28:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүрээлэн буй орчинд халтай гэмт хэргийг багасгах, түүнээс улбаалан гарч буй хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрхзүйн мэдлэгийг сайжруулах үүднээс Экологийн цагдаагийн алба шат дараатай ажлыг хэрэгжүүлж байна.


Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/09 дүгээр тушаалаар хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд дээрх албыг энэ оны нэгдүгээр сард байгуулж, Цагдаагийн байгууллагын бүтцэд оруулсан юм. Экологийн цагдаагийн алба нь 21 аймаг, 64 суманд нийт 170 алба хаагчтайгаар ажиллаж байна.

“Ногоон дуу хоолой” хэмээх аяныг улсын хэмжээнд зохион байгуулснаар байгаль орчны хуулийг зөрчсөн гэмт хэргийг илрүүлсэн үзүүлэлт 88,5 хувиар нэмэгдсэн дүн гарчээ. 



Өмнө нь иргэд байгаль орчны хууль зөрчсөн гэмт үйлдлийг хэрхэн мэдээлэх ойлголтгүй байсан бол, одоо тус албаны “Экологийн цагдаагийн алба” хэмээх цахим хуудсанд хандсанаар Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн алба хаагч нар шат дараатай арга хэмжээг авдаг байна. 


“Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хогоор бүү хорло” хэмээх аяны талаар ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн хамтын ажиллагаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Анураас тодрууллаа. 


-Экологийн цагдаагийн албаны цахим хуудаснаас иргэд ямар мэдээллийг түлхүү авах боломжтой вэ?


-Манай улсын байгаль хамгаалах хууль нь уламжлал дээрээ суурилснаараа онцлогтой юм. Байгалийн унаган төрхийг хадгалж буй цөөхөн орны нэг нь Монгол Улс. Энэ хэвээр нь хойч үедээ үлдээхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвшөөрөлтэй үгүйг нь мэдэхгүйгээр газар ухах, дархан цаазат ан амьтан хөнөөх, аюултай хог хаягдлыг ялгахгүйгээр хаа дуртай газраа хаях, булах зэрэг зөрчил их гардаг. Үүнийг бид тэр болгон мэдэх боломж байдаггүй учир манай албанаас тус цахим хуудсыг ажиллуулж эхлээд байна.


-Цахим хуудсанд өдөрт хэдэн иргэн хандаж байна вэ? 


-Цахим хуудсыг ажиллуулж эхэлснээс хойш, өдөрт хууль зөрчсөн 30-40 мэдээлэл ирдэг болсон. Үүний дагуу Зөрчил хянан шийдэх албаны мөрдөгчид ажиллаж, ажлын тайлангаа цахим хуудсандаа мэдээлдэг. 


-“Хогоор бүү хорло” аян хэрэгжүүлж байгаа. Яагаад цагдаагийн байгууллага ийм аян эхлүүлэв? 


-Монгол Улсын Байгаль орчны тухай хуулинд хамгаалах зургаан объект, түүнтэй холбогдох нэр томьёо байдаг. Үүнд, газар /түүний хөрс/, газрын хэвлий /түүний баялаг/, ус, ургамал, ан амьтан, агаар гэсэн 6 зүйлийг бид хамгаалах ёстой. Тус хуулийн хүрээнд байгаль орчин, ан амьтад, уул уурхай гэсэн салбаруудын хуулийг сахиулах, үүнтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, сэрэмжлүүлэх, хог хаягдлын хор аюулыг иргэдэд ойлгуулахаар ажиллаж байна. 

Ямарваа нэгэн байгууллага, системийг хүлээлгүйгээр иргэд өөрсдөө хоол хүнсээ бэлтгэхээс эхлээд яавал хог хаягдлыг багасгах вэ, байгальд хор хүргэхгүй амьдрах вэ гэдгээ боддог болгохыг манай байгууллага зорьж байна.


-Та бүхний ажлыг иргэд хэр хүлээн авч байна?


-Цагдаагийн байгууллага гэж харахаасаа, байгаль орчны төлөөх үйлс болохыг ойлгож иргэд, байгууллагууд дэмжин нэгдэж байна. Одоогоор 50 гаруй аж ахуй нэгж, 15 барилгын компани, 10 гаруй уул уурхайн компани нэгдсэн. Мөн олны танил 17 хүн бидний үйл ажиллагааг дэмжиж, сайн дураараа хамран ажиллаж байна. 


-Иргэд хэрхэн оролцож байна?


-Аян эхлээд долоо хонолоо. Манай үйл ажиллагааг дэмжиж аюултай хог хаягдлын нэг зайг Номин, Emart, CU хэмээх сүлжээ дэлгүүрүүд цуглуулж байна. Мөн түргэн хоолны газар, кофе шопууд “нэг удаагийн соруул, аяга, тавагнаас татгалзъя” гэсэн уриалга дэвшүүлэн савтайгаа ирсэн иргэдэд үйлчилж буй бичлэг, зургаа илгээсэн.

Дорнод аймгийн иргэд хогийг ангилан хаядаг болсноо гэрэл зургаар баримтжуулан ирүүллээ.

Мөн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байдаг Нархан хотхоны иргэд хогоо ангилж хэвшсэн зэрэг эерэг өөрчлөлт гарч байна.


-Манай улсад хог хаягдал нэлээд нэмэгдсэн тухай судалгааг Байгаль орчин аялал жуулчлалын яам гаргасан байсан?


-Монгол Улсад сүүлийн 5 жилд хог хаягдлын тоо хэмжээ 4 дахин нэмэгдэж, 10 мянган тонн аюултай хогийг байгальдаа хаядаг тоон судалгаа гарсан. Үүнээс 10-20 хувийг дахин боловсруулах боломжтой байгаа. Манай улсад дахин боловсруулах 30 гаруй үйлдвэр байдаг. Тэдгээр үйлдвэр өөрсдөө хогийн цэг дээрээс түүж авч, цэвэрлээд дахин боловсруулж байгаа нь их ажиллагаа орж байна хэмээн учирладаг. Тэгэхээр хогийг эх үүсвэр дээр нь ангилах, бууруулах хэрэгцээ шаардлага их байна. Дэлхийд хог хаягдлыг багасгах "5 ар" системийг хэрэгжүүлж байгаа. Үүний "3 ар" системийг дотооддоо хэрэгжүүлэхээр иргэд болон аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. "3 ар" систем гэдэг нь хогийг ялгах, дахин боловсруулах, багасгах юм.


Ташрамд дурдахад, дахивар хог хаягдалд гялгар уут, хуванцар сав, бүх төрлийн цаас, шил, лааз зэрэг зүйл багтдаг байна. 


Б.Мандуул

Холбоотой мэдээ