Хантайширын нурууны алхалтад залуус идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-20 19:14:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Эрүүл мэнд-эрхэм баян" уриатай Хантайширын нурууны алхалтад Алтайн залуус идэвхтэй оролцож байна.


Говь-Алтай аймгийн Залуучуудын холбоо, “Хантайшир-Алхалт” клубын гишүүд хамтран тавдугаар сараас эхлэн 7 хоног бүрийн бямба гарагт "Эрүүл мэнд-эрхэм баян" уриатай алхалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд Алтай хотод үйл ажиллагаагаа явуулж буй фитнес клуб, төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож хэвшээд байна. Хантайшир нурууны алхалт 7 хоног бүр хүрээгээ тэлж олон залуус хамрагдах болсонд зохион байгуулагчдын зүгээс баяртай байгаагаа онцлон хэлсэн юм. 

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл цэвэр агаарыг эрхэмлэн  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөнд хамрагдахад энэхүү алхалтын зорилго оршиж байгаа юм. Ийнхүү долоо хоногийн нэг өдөр эрүүл агаарт алхан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд найз нөхдийнхөө хамтаар тогтмол хамрагдахыг Хантайширын нурууны алхалтад оролцогч залуус уриаллаа.


Холбоотой мэдээ