Халдвар авсан хүний тоо удахгүй 10 сая давна гэж ДЭМБ таамаглаж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-25 10:15:58

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий  дахинд коронавирусээр халдварласан хүний тоо ирэх долоо хоногт 10 сая давна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага таамаглаж байна. Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.


Халдвар авсан хүний тоо хэдийнээ 9.1 сая давж, халдварын улмаас 470 мянга хүн нас баржээ.

“Цар тахлын дэгдэлтийн эхний сард 10 мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн сард 4 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан хүний тоо ирэх сараас 10 саяын босгыг давах нь халдварт өвчинтэй тэмцэхийн тулд байгаа арга хэрэгслээ ашиглан боломжтой бүхнийг даруй хийх шаардлагатайг харуулж байна. Хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь өвчин хүнд хэлбэрээр илэрч буй өвчтөнүүдийг хүчилтөрөгчөөр хангах явдал юм” хэмээн тэрбээр хэлжээ.


Тедрос Аданом Гебрейесусын тооцоолж байгаагаар, халдвар авсан хүний тоо долоо хоног тутамд 1 саяаар нэмэгдвэл өдөрт 620 мянга орчим шоо метр хүчилтөрөгч буюу ойролцоогоор 88 мянган баллон хүчилтөрөгч шаардлагатай аж.


“Олон орон хүчилтөрөгчийн аппарат олж авахад хүндрэлтэй байна. Үүний зэрэгцээ тус барааны зах зээлийн 80 хувийг хэдхэн цөөхөн компани эзэмшдэг. Гэтэл эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байна. Хүчилтөрөгчийн аппарат хамгийн их хэрэгцээтэй байгаа орнуудад туслахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ийм аппарат үйлдвэрлэдэг газруудтай ажиллаж байгаа. Ойрын долоо хоногуудад ДЭМБ 14 мянган хүчилтөрөгчийн аппаратыг 120 улс руу илгээнэ. Ирэх 6 сарын хугацаанд 100 сая ам.доллар бүхий дахиад 170 мянга аппарат шаардагдана” гэж ДЭМБ-ын тэргүүн ярьжээ. 

Холбоотой мэдээ