Японы эрх баригчид “Aegis Ashore” цогцолборыг байрлуулах төлөвлөгөөгөө цуцалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-25 12:41:14

ТОКИО. /NHK/. Ямагучи мужид болон Акита мужийн хойд хэсэгт Америкийн “Aegis Ashore” пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборыг байрлуулах төлөвлөгөөгөө Японы эрх баригчид цуцлах шийдвэр гаргажээ. Энэ тухай Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно эрх баригч Либерал-ардчилсан намын аюулгүй байдлын асуудлаарх зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна.


“Үндэсний аюулгүй байдлын хуралдааны үеэр хэлэлцсэний дүнд “Aegis Ashore” цогцолборыг Акита болон Ямагучи мужуудад байрлуулах төлөвлөгөөг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Ийм байдалтай холбогдуулан би хүлцэл өчиж байна. Дорнод Хятадын тэнгис дэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, аюулгүй байдлын бодлогын үүднээс зөвхөн “Aegis” цогцолборуудаар тоноглогдсон хөлөг онгоцуудаар пуужингийн довтолгооноос хамгаална гэж үзэх нь зохисгүй юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Засгийн газар, нам хоорондын санаа бодлыг солилцох замаар энэ асуудлаарх хэлэлцүүлгийг урагшлууах болно гэдгийг тэрбээр мөн онцолжээ.


АНУ-ын засаг захиргаа “Aegis Ashore” загварын хоёр цогцолборыг Японд худалдах зөвшөөрлийг хэдийнээ өгсөн байжээ. Тэдгээрийг Японы гол арал болох Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Ямагучи мужид болон Акита мужийн хойд хэсэгт байрлуулахаар төлөвлөж байсан байна. Японы эрх баригчид уг цогцолборуудыг ирж болзошгүй баллистик пуужингийн довтолгооноос нутаг дэвсгэрээ бүхэлд нь хамгаална гэж тооцоолж байжээ. Харин нутгийн өөрөө удирдах байгууллагууд аюулгүй байдалдаа эргэлзэж байгаагаа илэрхийлж, “Aegis Ashore” цогцолборыг байрлуулах зөвшөөрөл өгөөгүй байна.

 

Цогболборыг АНУ-аас худалдан авч, Японд байрлуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоох төлөвлөгөөтэй холбогдуулан үндэсний батлан хамгаалахын стратегийн шинэ чиг шугамыг боловсруулах асуудлыг зун хэлэлцэж эхлэх бодолтой байгаагаа Японы Ерөнхий сай Абэ Шинзо 6 дугаар сарын 18-нд мэдэгджээ. 

Холбоотой мэдээ