Д.Нямхүү: Нэг эмэгтэй ХӨСҮТ-ийн тусгай тасагт амаржина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр улсын хэмжээнд 3 лабораторид 171 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнд коронавирус илэрч, 1 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байгааг тус төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Тодруулбал, өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, ХӨСҮТ-д 43 хоног эмчлүүлсэн ОХУ-ын цэргийн сургуулийн 1 оюутан эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна.
Ингэснээр манай улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 219, үүнээс эдгэрсэн хүний тоо 170 боллоо.
Өчигдрийн шинжилгээнд тандалтын зорилгоор СХД-ийн Нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 3 сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн 26 жолоочийн шинжилгээ багтжээ.
Одоо ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 49 хүний дотор 1 жирэмсэн эмэгтэй байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн тусгай төрөх тасагт амаржихаар хүлээж байна. Нийт өвчтөний 42 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүнийх хүндэвтэр байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэв.
Ялалтын баярын парадад оролцоод өнөө өглөө эх орондоо ирсэн 75 алба хаагчийг Багабаян цэргийн амралтад тусгаарласан бөгөөд өнөөдөр сорьц цуглуулж, шинжилгээний хариуг маргааш танилцуулах аж.