Улсын хэмжээнд 2566 хүн тусгаарлалтад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-26 13:33:43
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлах байранд 2566 хүн байгаагаас 1-5 насны 130 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 243 хүн байна. 


Тусгаарлалтад байгаа иргэдэд 41 их эмч, 74 резидент эмч, 188 сувилагч, 12 асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгааг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Өчигдөр 126 хүн шинээр тусгаарлалтад орж, 17 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 93 хүнээс архаг хууч өвчтэй 53 хүний 6 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.


Улсын хэмээнд 3 дугаар сараас хойш нийт 5002 хүн гэрийн ажиглалтад байсанаас 602 хүний гэрийн тусгаарлалтын дэглэм үргэлжилж байна.


Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд өрх, дүүргийн 124 эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.


ЗӨСҮТ-ийн баг өчигдөр Москва- Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 136 зорчигчийн ачаа тээш, 8 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийжээ. Өчигдөр ЭМЯ-ны шуурхай 119 дугаарын утсанд ОХУ, Турк, АНУ, Японоос Монгол Улсын 4 иргэн холбогдож, коронавирусний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж мэдээлэл авсан байна.


Б.Содгэрэл


Холбоотой мэдээ