Хяналтын дахин тооллогоор зөрүү гарсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-28 16:00:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 10-р тойрог Өвөрхангай, 1-р тойрог Өмнөговь аймгийн хэсгийн хороодод хийсэн нэмэлт тооллого дуусаж, тооллогод зөрүү гараагүй талаар СЕХ мэдээллээ.

Мөн СЕХ-ноос өнөөдөр өглөө өгсөн мэдээллээр 7-р тойрог буюу Дорнод аймгийн 3 хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй байна.

Хяналтын дахин тооллогыг УИХ-ын 8 дахь удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшсэн улс төрийн зарим нам, эвсэл, бие даагч нарын шаардлагаар өнөөдөр 2 дахь өдрөө хийж байгаа юм.

Өмнө нь улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирч буй талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлжээ. Нэмэлтээр 161 хэсгийн хороонд хяналтын тооллого хийж буй юм.



Холбоотой мэдээ