Хурдан морь унах хүүхдийг бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-29 14:54:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морь унах хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах тухай мэдээллээ.

 

ГБХЗГ-ын дэд дарга Б.Халиун: “Баяр наадмыг зохион байгуулах түр журмыг ГБХЗГ чандлан баримталж ажиллана. 2018 оноос уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж байгаа. Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санд 2019 онд давхардсан тоогоор нийт 14 мянга 485 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. Уралдаанаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал, хичээл хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил гарахгүй байх зэрэг асуудлаар жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэг дэх ГБХЗХГ-ын хэлтсүүд хяналт тавьж, бусад төрийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Хурдан морь унах хүүхдийн бүртгэл 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 9-нийг хүртэл 21 аймаг болон нийслэлд явагдана.

Хурдан морь унах хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага: Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, хурдан морь унах хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ, гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр, уралдаанч хүүхдийн карт /өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/, эцэг, эх, уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар, хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл тус тус байх ёстой.

Хурдан морь унах хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд: Даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах зохион байгуулалт хийсэн бөгөөд суурь хураамж нь 100,000 төгрөг, нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна. Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжих юм" гэлээ.


ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг: "Уяачид бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь 2019 оны тоон үзүүлэлтээс харагдаж байна. Уралдаанч хүүхдийн бүртгэл нь хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд бусад эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой тул уралдаанч хүүхдүүдэд заавал стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж уралдаанд оролцуулах чиглэлийг 9 дүүрэг, 21 аймагт өгсөн. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт цахим бүртгэлийн тусгай төхөөрөмжийн нөөц, картыг бэлдэж, хүргүүлж байгаа тул бэрхшээл гаргахгүй байхаар ажиллаж байна. Бидэнтэй хамтран ажиллахаар СЗХ-ноос 11 даатгалын компани бүртгэгдсэн. Тэднээс 4 даатгалын компани манай шаардлагыг хангаж байгаа. Ер нь бүх даатгалын компаниуд бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй. Өнгөрсөн онд 121 хүүхэд гэнэтийн ослын даатгалд хамрагдаж, 186.6 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Нөхөн олговор нь ганц уралдаанд оролцсоноор биш. Мөн МСУХ-ноос бүх сумдад уяачдаа программд бүртгэсэн нь уяачдад хариуцлага оногдуулж, хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалахад чиглэж байна. 2020 он гарснаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ хориглосон тогтоолыг зөрчиж, жижиг  үсэргээ, сунгаа зохион байгуулсан 17 уяачдад хариуцлага тооцох болсон" гэв.


Цахим бүртгэлийг 21 аймаг болон нийслэлд нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хурдан морь унах хүүхэд заавал даатгагдсан байх ёстой.

Холбоотой мэдээ