Бүрдэнийн элсэн сувилал үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-06-29 16:04:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байдаг аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Бүрдэнийн элсэн сувилал  үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.

Ид шид нь анагаах увидастай. Хүн зоны өвчнийг илааршуулж, оюун санаанд хүрч гайхагддаг элсэн сувилалд 100 гаруй хүн амарч сувилуулж байна. Өмнөх нийгмийн үед улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар Бүрдэнийн элс бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэргийг анагаах шидтэй болохыг судалж тогтоосон байдаг.

Эрдэнэ сумын ЗДТГ-ын харьяанд байдаг тус сувиллын орчмыг 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байдаг. Бүрдэнийн амралтыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажиллаж байна.

Амрагч, сувилуулагчид ингэний буцалгаа уун, халуун элсний шарлага хийж, элсэн манхан, зүлэг ногоон талбай дээгүүр хөл нүцгэн алхаж, ер бусын ундаргатай булаг рашаан, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүл зэргийг үзэж говийн ургамал, байгалийн сонин сайхныг мэдэрдэг байна.

Эмчилгээний сувилал нь зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчдээ хүлээн авч сувилал эмчилгээг үзүүлдэг. Учир нь энэ хугацаанд нарны эрчим хүч хамгийн их энерги ялгаруулж, элс эрчимтэй халдаг тул эмчилгээ хийлгэхэд тохиромжтой  аж. 

Монгол орны дорнын говийн баян бүрд бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар орныг зорин ирэх гийчдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Сонирхсон хүмүүс 96645202 утсаар холбогдож болно.


Холбоотой мэдээ