Ч.Содномцэрэн: Сонгууль зохион байгуулахад төрийн 35 мянга 772 албан хаагч ажилласан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-30 13:36:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн найм дахь удаагийн парламентын анхдугаар чуулганд танилцууллаа.


Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: СЕХ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу зохион байгууллаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, төрийн 35 мянга 772 албан хаагч ажилласан. УБЕГ сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангалаа. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар УОК, ЭМЯ, ОБЕГ-тай хамтран ажиллалаа. Ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ. Энэ сарын 24-нд болсон санал хураалтад сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 2 сая 3 мянга 969 иргэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь саналаа өглөө. 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулиас хамгийн өндөр ирцтэй нь байв.

Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүй байна. Мөн маргаан дагуулсан 12 тойргийн 164 хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ сарын 27, 28-нд нэмэлт хяналтын тооллого явуулсан бөгөөд төхөөрөмжийн дүн саналын хуудасны тэмдэглэлтэй тохирсон. УИХ-ын энэ удаагийн сонгуульд МАН-аас 62, АН-аас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 25-нд хуралдаж, 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргасан. Улмаар энэ сарын 29-нд УИХ-ын гишүүний үнэмлэх олголоо” хэмээв.


Сонгуулийг Монгол Улсын 300 гаруй сэтгүүлчээс гадна ОХУ, БНСУ, БНХАУ, Катарын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид сурвалжилсан байна. Мөн АНУ, Австрали, Япон, Английн ажиглагчид ажигласан. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 300 гаруй ажиглагч ажиллажээ.


Ийнхүү ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүд тангараг өргөж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна. Энэ удаагийн УИХ-аас хамгийн ахмад нь 66 настай Х.Баделхан гишүүн юм.


Ташрамд дурдахад, шинэ парламентын 38 нь шинэ гишүүн байна. Нийт гишүүдийн 14 нь хуульч, эрхзүйч,  21 нь эдийн засагч, 12 нь инженер, аграномич, 14 нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 нь эмч, багш, 6 нь бусад мэргэжлийнх байна.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ