Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг-Цагаан суварга

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-07-03 17:24:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговьд байдаг гадаадын гэлтгүй, дотоодын аялагчдын сэтгэлийг татдаг нэгэн өвөрмөц, үзэсгэлэнтэй байгаль бол Цагаан суварга. Говь нутгийг байтугай Монгол Улсыг дэлхийд гайхуулахаар тийм л үзэсгэлэнтэй энэхүү хайрхан Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг юм.

Энэ бол их говийн үзэсгэлэн шавар ханан хавцал, эрт галавын их далайн эрэг, их говийн үзэсгэлэн төгс суварган цав юм.

Цагаан суварга Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршино. Ямар нэг уул, хайрхан, суварга нь аль ч талаасаа харагддаг бол Цагаан суварга тийм биш.

Урд талаасаа тэгш тал явсаар огцом цав болно. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны дээр гараад зүүн тийш тольдоход өмнө нь хаана ч харж байгаагүй тийм гайхамшгийг харж болно.

Олон жилийн өмнө далайн ёроолд байсан лаг шаврын давхарга нар салхины улмаас ийм хэлбэрийг олсон гэх. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй.

Алсаас харахад Цагаан суварга хот балгадын туурь, байшин барилга мэт сүндэрлэдэг. Нар мандахыг тэндээс харвал өнгө өнгийн солонгон дунд умбаж, эрт галвын үед очсон шиг тийм амар амгаланг мэдэрч, сайхан мэдрэмж авдаг. Нутгийн иргэд Цагаан суваргыг “энергийн төв” ч гэж тодорхойлох нь бий.

Цагаан суваргаас зүүн тийш долоон километрт, намхан толгодын дунд Хэвтээ босоогийн агуй буй. Энэ агуйн урт нь 50 метр үргэлжилдэг. Онцлог нь агуй руу орохдоо босоогоор орох бөгөөд агуйн өндрийн хэмжээ намссаар гарч ирэхдээ бараг хэвтээгээрээ гарах шаардлага гардаг юм.

Уг агуй нь наанги шаварт уруйн усны элэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхлыг татдаг бөгөөд Э.Авирмэд докторын тодорхойлсноор 102 метр урт. 204 м/кв талбайтай томоохон агуй аж.

Хэвтээ босоогийн агуйг Цагаан Суварга руу ирсэн хэн бүхэн очиж үздэг. Түүнээс гадна аялагчид Хөх цав, Дэл уулын хадны сүг зураг, бичээс, нарийн өндөр хадан хавцлаар гарч, шилийн сайн эрийн нутаглаж байсан домогт газар болох Дөрөө хангинах, Хонгор хайрхан зэрэг байгалийн болон түүхийн дурсгалт газруудтай танилцаж, амрах боломжтой юм.

Цагаан суварга байгалийн энэ үзэсгэлэнт газрыг түшиглэн Цагаан суварга, Говь суварга болон Gobi CaravanSerai жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулдаг.

Их говийн үзэсгэлэн, гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар ханан хавцал, уран сүмбэр шавар товцог, эрт галвын их далайн эрэг ирмэг, өргөн их говийн үзэсгэлэн төгс суварган цав, 70 метр урт үргэлжлэх хэвтээ босоогийн агуй, говь нутагт ховорхон тохиолдох хайлаасан төгөл, элсэн манхан ирсэн зочин бүрийн нүдийг баясгах нь дамжиггүй.

 

Холбоотой мэдээ