АНУ-аас ирсэн олдворуудыг Байгалийн түүхийн музейд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-07-06 09:54:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-аас ирүүлсэн палеонтологийн олдворуудыг Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт өнгөрсөн 7 хоногт шилжүүлжээ.


Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж, АНУ-д хураагдсан Монгол Улсын өв болох Протоцератопс, Тарбозавр батаар, Гобихадрос үлэг гүрвэлүүдийн бүлэгт хамаарагдах олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Монголын талаас Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, Америкийн талаас Дотоодын аюулгүй байдлын яамыг төлөөлж ноён Роберт Бартоло нар өнгөрсөн оны 9 дүгээр сарын 26-нд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан юм.



Гэрээ хүчин төгөлдөр болж Монгол Улсын өв болох дээр дурдсан үлэг гүрвэлийн олдворуудын өмчлөлийн эрх нь Монгол Улсын Засгийн газарт шилжсэн, АНУ-д суугаа Элчин Сайдын яам олдворуудыг Монгол улсад аюулгүй тээвэрлэж хүргүүлэх ажлыг хариуцан өнгөрсөн сарын 24-ний ОМ-7802/23 нислэгээр зохион байгуулсан.



Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52.7 дахь заалт, Засгийн газрын 2019 оны “Соёлын биет өвийг эргүүлэн авчрах тухай” 2019 оны 141 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Ажил зохион байгуулах тухай” 2019 оны А/243 тоот тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/35 тоот тушаал батлагдан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт уг палеонтологийн олдворуудыг хүлээн авч Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлжээ. Хууль тогтоомжид зааснаар хүлээлцэн авахад байлцах төрийн захиргаа, хүчний болон үйлчилгээний байгууллагын албан тушаалтан, ажилтнууд байлцлаа.



Ийнхүү Дэлхийн шим ертөнцийн түүхийн бодит, эх баримт болох ховор олдвор цуглуулгыг эх нутагт нь авчирч, Монгол улсын эртний амьтан ургамлын сан хөмрөг баяжигдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой.


Хууль бус малтлагын золиос болсон эдгээр олдвор нь хэзээ, хаанаас, газрын гадаргын ямар үе давхаргаас олдсон зэрэг эртний шим судлалын хамгийн чухал анхан шатны суурь мэдээлэл нь алдагдсан тул судалгаа шинжилгээгээр тэдгээрийг тогтоож, олон улсын стандартад нийцүүлэн баталгаажуулснаар шинжлэх ухааны болон танин мэдэхүйн эргэлтэд оруулах боломжтой.

Холбоотой мэдээ