Дундговьд монгол хэлний хичээлээр хоёр сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-06 18:08:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хувьд ЭЕШ-ын 10 хичээлд давхардсан тоогоор 1463 шалгуулагч бүртгүүлснээс 1405 нь шалгалт өгч, 58 нь шалгалтдаа ирээгүй байна.

Өнгөрсөн жил 450 хүүхэд ЭЕШ өгч, 21 аймгаас Дундговь аймаг 505,2 дундаж оноогоор долдугаар байрт жагсаж байсан бол энэ жил энэ амжилт хойшлох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын түүхийн хичээлээр 14 хүүхэд шалгалт өгч зөвхөн нэг хүүхэд 624 оноогоор “В” үнэлгээ авсан бол физикийн хичээлээр 112 хүүхэд шалгуулж, дээд оноо 712 байна.

Математикийн хичээлээр 302 хүүхэд шалгуулж, дундаж оноо 496,73 байгаа нь өнгөрсөн жилийн шалгалтын дүнтэй харьцуулахад 17,67 оноогоор буурсан үзүүлэлттэй байна.

Газарзүйн хичээлээр 18 хүүхэд шалгуулснаас дээд оноо 653 байгаа бол англи хэлний хичээлээр 263 хүүхэд шалгуулснаас дээд оноо 667, орос хэлний хичээлээр таван хүүхэд шалгуулснаас дээд оноо 543 байлаа.

Химийн хичээлээр 98, нийгмийн хичээлээр 276, биологийн хичээлээр 102 хүүхэд тус тус шалгалт өгч, хамгийн дээд оноо 735-774 байна.

Харин монгол хэлний хичээлээр 214 хүүхэд шалгуулж, хоёр сурагч 800 оноо авсан байна. 

Холбоотой мэдээ