“Анхны тусламжийн цэг” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-07 21:14:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн Мандалговь хотын хойд пост дээр “Анхны тусламжийн цэг” байгуулж, олон нийтэд анхны тусламжийн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Улаан загалмайн нийгэмлэг хамтран Улаанбаатараас Өмнөговь хүртэлх улсын чанартай авто зам дагуу аваар, осолд орсон иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор тусламжийн цэгүүдийг байгуулж байгаа ажээ.

Энэхүү ажлын хүрээнд Төв аймгийн Ногоон Дов, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Хулд сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд замын хажууд байрлах үйлчилгээний газруудыг түшиглэн анхны тусламжийн цэг байгуулж байгаагийн нэг нь Мандалговь хотын хойд пост юм.

2019 онд Монгол Улсын хэмжээнд 25 302 удаагийн зам тээврийн осол гарч, 509 ослын тохиолдлоос 561 хүн амь насаа алдаж, 3790 хүн гэмтсэн харамсалтай үзүүлэлт гарчээ. Түүнээс хөдөө орон нутгийн замд 390 ослын тохиолдлоос 430 хүн амь насаа алдсан байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 76,6 хувь нь хөдөө орон нутгийн замд тохиолдсон байна.

Тиймээс Анхны тусламжийн цэг байгуулснаар гэмтэл авсан хүмүүст яаралтай тусламж үзүүлж, ослын улмаас амь насаа алдах эрсдэлийг бууруулах зорилготой аж. 

Холбоотой мэдээ