УБТЗ-ын ачаа тээврийн төлөвлөгөө давж биеллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-08 14:07:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг энэ оны эхний хагас жилд 14.4 сая тонн ачаа тээвэрлээд байна. Энэ нь ачаа тээвэр өнгөрсөн жилийн мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Тэр дундаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тээвэр 25.6 хувиар, импортын тээвэр 8.1 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 0.9 хувиар тус тус өсөв. Мөн манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо энэ оны эхний хагас жилд 940 хүрээд байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс 280 галт тэргээр илүү байна. 


УБТЗ-ын хамт олны гаргасан эдгээр амжилт нь "COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад чухал хувь нэмэр болж байна. Түүнчлэн улс орны томоохон бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барих ажилд УБТЗ идэвхтэй оролцож, эхний 50 км замын дээд бүтцийг богино хугацаанд тавьж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж, энэ жил Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр дахин шалгаруулсан юм.


Дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахал нь улс орнуудын эдийн засагт хүндээр тусч, олон зуун компани, ААН дампуурч, ажлын байраа цомхотгож байгаа энэ хүнд үед Монгол Улсын хамгийн том ажил олгогч “Улаанбаатар төмөр зам” ХНН 16 мянга шахам ажилтнуудаа цомхотголд өртүүлэлгүй, цалин урамшууллыг тогтмол олгоход онцгой анхаарч ажилласны дүнд төмөр замч нараа ажилгүйдэл, ядуурлаас хамгаалж чадаж байгаа нь үлгэр дууриал болж байна.

УБТЗ-ын хамт олон өнгөрсөн онд 28.1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил 29 сая орчим тонн ачаа тээвэрлэх боломж байгааг энэ оны хагас жилийн ажлын үзүүлэлт харуулж байна.


Холбоотой мэдээ