“ЗҮҮМ” төслийн нэгдүгээр шат өндөрлөлөө

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-07-09 18:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо, Монголын урлагийн зөвлөл хамтран “ЗҮҮМ: Би тэгш оролцоот нийгмийг эрхэмлэгч үеийн төлөөлөл” төслийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүллээ.

Уг төсөл хөтөлбөр нь  гэрэл зургийн  салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, тэдний нүдээр нийгмийн асуудлыг ажих зорилготой бөгөөд 3 үе шаттай хэрэгжих юм.  Эхний шатанд 130 оролцогчдод гэрэл зураг, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, оюуны өмчийн тухай зэрэг 10 төрлийн сургалтыг 5 өдрийн турш зохион явуулжээ. “ЗҮҮМ” төслийг  Австралийн Элчин сайдын яам ивээн тэтгэж байна. Мөн Монгол Улсын  сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран, сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийг төсөлд хамруулж буй юм.

Уг төслийн тухай Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ын дарга, төслийн санаачлагч О.Байгаль: НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн байгууллагын 10 жил, Бээжингийн хөтөлбөрийн тунхаг баталсны 25 жилийн ой энэ оны 3 сарын 8-нд тохиосон. Үүнийг тохиолдуулан, “I am generation equality realazing womens rights” буюу “Би эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлаж байна” аяныг манай байгууллага түүчээлэн ажиллалаа. Нөгөө талаар нийгэм, хүний эрхийн асуудлыг бүтээлч үйлдвэрлэлийн салбар тэр дундаа гэрэл зургаар дамжуулан илэрхийлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Нийгмийн асуудлыг олон өнцгөөс харж, илэрхийлэл нэмэх чухал. Тиймээс бид гэрэл зургийн  салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, тэдний нүдээр нийгмийн асуудлыг ажих зорилготой юм. Бид дан ганц уралдаан тэмцээн зарлах бус  гэрэл зураг сонирхогчдыг мэдлэг мэдээллээр хангаж байна.

Гэрэл зураг сонирхогч Л.Энх-Уянга “Энэхүү сургалтаас хэрхэн хүний эрхийг хамгаалах талаар гэрэл зураг авах, баримтат гэрэл зургийг амьд болгох, өөрийн зургийг тайлбарлах талаар сурлаа. Зөвхөн гэрэл зургийн талаар үзээд зогсохгүй хүний эрх, хүүхдийн эрх, тэгш оролцооны тухай сургалтад ч хамрагдсан. Өдөр бүр дохионы үг сурч, сургалтад оролцож буй бүх хүнтэй харилцаж байна. Энэхүү сургалтад олон улсын шинжээчид, баримтат гэрэл зурагчид заавар зөвлөгөө өглөө” хэмээв.

“Зүүм” төсөл хөтөлбөрийн хоёрдугаар шатанд оролцогчид “Хөрөг”, “Ажлын байр” сэдвийн дагуу гэрэл зураг, бичвэрийн хамт илгээх юм. Уг төсөл хөтөлбөр 9 сарын 20-12 сарын 24-нд үзэсгэлэн гаргах, хэлэлцүүлэг зохион байгуулах, шилдэг бүтээлийг шалгаруулан олон улсад сурталчилах зэрэг үйл ажиллагааг зохион байгууна. 

И.Даваадорж

 

Холбоотой мэдээ