Арслан, начинтай аймгийн наадам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-12 16:59:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгийнхан ардын хувьсгалын 99 жил, Сэлэнгэ аймгийн 89 жилийн ойн наадмаа цомхон байдалд тэмдэглэн өнгөрүүллээ. Учир нь цар тахлын аюул дэлхийд нүүрлэсэн үед болж буй юм. Иймээс өмнөх жилүүдээсээ илүү дэг журамтай, зохион байгуулалтайгаар наадаж байна. 

Сэлэнгэ аймгийн баяр наадамд 128 бөх барилдсан бөгөөд улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Ш.Зоригт, улсын начин Ч.Мөнхтогтох, улсын начин Б.Дэлгэрсайхан, аймгийн хурц арслан Ж.Ганзориг, аймгийн хурц арслан Б.Бямбаа, аймгийн арслан Э.Саранбаатар, Э.Эрдэнэцогт, Б.Галбадрах, н.Уугандаваа нарын хүчит бөхчүүд зодоглолоо.

Ингээд наадмын үзүүр түрүүнд үлдсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, аймгийн заан Д.Төрболд 7 давж түрүүлэн аймгийн арслан цол, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн начин Э.Бат-Эрдэнэ зургаа давж үзүүрлэн, аймгийн заан цол хүртлээ. Харин энэ жилийн наадамд заан цолтон төрөөгүй бөгөөд арслан, начин цолтон төрсөн наадам боллоо.

Монгол бөхийн түүхэнд Сэлэнгэ нутгаас даншгийн аварга гурав, Монгол Улсын аварга нэг, даншгийн арслан 15, Монгол Улсын арслан нэг, даншгийн заан зургаа, Монгол Улсын заан долоо, даншгийн начин зургаа, Монгол Улсын начин 42, Монгол Улсын харцага цолтон гурав төрсөн байна. 

Холбоотой мэдээ