Хурдан даага гарааны зурхай руу хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 242 даага бүртгүүлснээс 40 гаруй нь гарааны зурхай руу хөдөллөө. Дааганы үүлдэрлэг байдалд хяналт тавихад нэлээд нь хасагдсан байна.
Ноднин буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, уяач Г.Чинзоригийн халтар даага тод магнай, торгон жолоо өргүүлсэн. Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, уяач Р.Дуламсүрэнгийн халиун, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, уяач С.Батмөнхийн халтар даага тодорч байв. Харин айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шаргал даага, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Б.Нямжавын хүрэн даага торгон жолоо өргүүлсэн юм.