Буянт гол дагуу завьт эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-16 14:49:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газраас Буянт голын ай сав дагуу завьт эргүүл ажиллуулж байна.

Энэ хүрээнд ОБГ-ын 20 гаруй аврагч, алба хаагч хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэж байна. Ингэхдээ голын ай сав дагуу суурьшиж байгаа айл өрх, амарч зугаалж яваа иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж танилцуулж буй юм.

Мөн бага насны хүүхдийг голын ойр харгалзах хүнгүйгээр тоглуулахгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн бол усанд орохгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тарааж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Тус ажлыг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.  

Завьт эргүүл ирэх есдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тогтмол ажиллах юм. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд иргэд голын усанд осолдсон гэх дуудлага, мэдээллэл бүртгэгдээгүй аж.  

Холбоотой мэдээ