Н.Цогбадрах:Тарваган тахлаар халдварласан нэг иргэний биеийн байдал тогтвортой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлаар халдварлсан 27 настай иргэний биеийн байдал сайн байгаа талаар Зоонозын өвчин судалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллэв.
Мөн тарваган тахлаар халдварласан байж болзошгүй хоёр хүний сорьцыг шинжлэхэд тахлын вирус илрээгүй тухай мэдээлэл өглөө. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 16-нд 16 настай хүү тарваганы мах идсэний дараа өндөр халуурсан гэх дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу мэргэжлийн баг ажиллаж, сорьцыг шинжлэхэд тарваган тахал илрээгүй. Түүнчлэн Ховд аймгийн Үенч суманд 6 настай хүүхэд үхсэн тарвагааар тоглосныхоо дараа халуурсан гэх дуудлага ирсэн. Хүүгийн бие дэх цэврүүний шүүдэстээс шинжилгээ авахад сөрөг хариу гарсан буюу халдвар илрээгүй аж.
Тарваган тахлын үед тарвага агнах, үхсэн тарвага, сэг зэм оролдох, тарваганы доштой ойртох, хот суурин газар руу тарвага зөөвөрлөхгүй байхыг анхаарууллаа.
И.Даваадорж