Ван И: ОХУ, АНУ хоёр гал зогсооход илүү идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-13 15:03:33

БЭЭЖИН. /TASS/. Энэ сарын 17-нд Вена хотод болох Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалтын үеэр ОХУ, АНУ хоёр Сирийн гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өмнөхөөс илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И илэрхийллээ.

ОХУ, АНУ болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бусад орнууд,  түүнчлэн Ойрхи Дорнодын бүс нутгийн улс орнууд Сирид гал зогсоох тохиролцоог бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд илүү идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн сайдын мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа нийтэлжээ.

Мөн тэрбээр "улс орнуудын идэвхтэй оролцоо нь Сирийн мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулах хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгоно" гэж мэдэгдсэн байна.

Сирид гал зогсоох тохиролцоо 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор түүнд 97 зэвсэгт бүлэглэл нэгджээ.

Д.Нямтулга

 

 

 

 

 

Холбоотой мэдээ