Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт пост ажиллуулахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-23 17:12:51
Архангай /МОНЦАМЭ/. Тарваган тахал, коронавируст халдвар COVID-19-ийн өнөөгийн эрсдэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан тарваган тахлын өндөр эрсдэлтэй аймгуудын нэг Архангай аймагт ЗӨСҮТөвийн ерөнхий захирал, доктор Н.Цогбадрах энэ сарын 22-ны өдөр ажиллалаа.
Тэрээр аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, тархвар судлаач Э.Бямбацогт, ЗӨСТөвийн дарга Б.Эрдэнэчимэг нартай уулзалт хийж мэдээлэл өгчээ. Тэрээр Монгол Улстай хил залгаа ОХУ, БНХАУ болон Монгол Улсын Монгол-Алтай, Хангайн нурууны тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгаа. Мөн 2019-2020 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт таван хүн тарваган тахал өвчний халдвар авч, гурван хүн нас барж, нас баралт 60 хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа талаар мэдээллээ.
Иймд тухайн орон нутгийн засаг захиргаа, хууль хяналтын байгууллага, салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцгойлон анхааруулав.
Тарваган тахал өвчний байгалийн голомттой нутаг дэвсгэрт сэрэмжлүүлэг самбар байрлуулах, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах. Эмнэлгийн эмч ажилтнуудыг тарваган тахал өвчний халдварт өртөхөөс сэргийлэх. Иргэдийн өөрсдийгөө болон гэр бүл эмнэлгийн эмч ажилтнуудын халдварт өртөхөөс сэргийлэх дадал хандлагыг өөрчлөх. Хууль бус тарвага агналтанд хяналт тавих, төв суурин газарт халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр суурин болон хөдөлгөөнт эргүүл постуудыг ажиллуулах. Хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Холбоотой мэдээ