Нэгдүгээр ангид 2014 онд төрсөн хүүхдүүдийг цахимаар хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-07-23 18:40:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ. ЕБС-д шинээр элсэн суралцах хүүхдүүдийг цахимаар бүртгэх анхны туршилтыг өнгөрсөн онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар сургуульд зохион байгуулжээ. Туршилт амжилттай болж, энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 140 сургуульд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Цахимаар бүртгэх нь мөн "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд иргэд, хүүхдүүд бөөнөөр цуглахгүй байх боломжийг олгож буй аж. 

Хүүхдүүдийг хэдийнээс бүртгэх талаар Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Н.Батбилэгээс тодруулбал, "Бүртгэл ирэх 8 дугаар сарын 3-наас эхэлж, 28 хүртэл үргэлжилнэ. Энэ жил 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ. 5 настай буюу 2015 оноос хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй. Цахимаар харилцах боломжгүй иргэдэд туслах мэргэжилтнүүд сургууль бүрд ажиллаж байна" гэв. 

Тэрээр, иргэдийг www.esis.edu.mn цахим хаягаар регистрийн дугаараар нэвтэрч, хамран сурах тойрог, дүүрэг, сургуулийн жагсаалтыг баталгаажуулснаар элсэх боломжтой. Шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд хамран сургах тойрог нь эхний, үндсэн шалгуур нь байна гэв.


Өнгөрсөн жил нийслэлд нэгдүгээр ангид 37 мянга 579 хүүхэд суралцаж байсан бол энэ жил 39 мянга 439 хүүхэд суралцах судалгаа гарч элсэх хүүхдийн тоо 1800-гаар нэмэгджээ. 

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний талаар мөн Нийслэлийн Боловсролын газрын ЕБС-ийн барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э. Баярмагнайгаас тодрууллаа. 


-Энэ хичээлийн шинэ жилд хэчнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байна? 

-Энэ онд улс болон нийслэлийн төсвөөр нийт 10.555 хүүхдийн 60 цэцэрлэг, 22.250 хүүхдийн 35 сургууль, 680 хүүхдийн дөрвөн бага сургууль, 5 спорт заал, насанд хүрэгчдийн боловсролын нэг төв ашиглалтад орно.

-Сургууль, цэцэрлэг хэр хүрэлцээтэй байна вэ? 

-Сургуулиудын тухайд 3 ээлжээр хичээллэдэг байдлаас бүрэн гарсан. Тиймээс энэ жил 3 ээлж рүү оруулахгүй гэсэн байр суурьтай байна. Байр түрээслэх журмаар явж байна. Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамруулж чадсан. Энэ жил шинэ цэцэрлэг ашиглалтад орсон ч хүрэлцээг хүрэн хангаж чадна гэж хэлж чадахгүй. Учир нь цэцэрлэгийн насны хүүхэд олон, анги дүүргэлт их, хэрэгцээ шаардлага ихтэй байдаг.

-Цэцэрлэг, сургуулийн засварын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Улс, нийслэлийн төсвөөр 60 гаруй сургууль, цэцэрлэг засварлана. Засварын ажил 58 хувьтай явж байна. 8 дугаар сарын 20-нд бүх ажлаа дуусгахаар гэрээ хийн ажиллаж байна гэв.

С.Туул

Холбоотой мэдээ