Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 105 сая төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-07-24 20:20:06

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Яруу суманд 2016-2019 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 24 өрхийн 60 гаруй иргэнд дэмжлэг үзүүлжээ.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн захиран зарцуулах журмыг үр дүнтэй байхаар мөрдөн ажиллаж журамд заасны дагуу өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэднийг цаашид жижиг дунд үйлдвэр эрхлэх чиглэлд нь дэмжлэг үзүүлж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 28 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 105 сая төгрөгийн зээл олгосон байна. Мөн хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд  манай сум арьс шир нэхий элдэх тоног төхөөрөмжтэй болон байгаа. Түүнчлэн зөвлөх үйлчилгээний багийнхан үйлдвэрлэл эрхлэгчдийг сургалтад хамрууллаа. Үйлдвэрийн байрыг засварлан тохижуулж, зөвлөх үйлчилгээний багийнхан албан ёсоор нээлтээ хийж ажлаа эхлүүлээд байна хэмээн Яруу сумын ЗДТГ-аас мэдээлэв.

800 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийжээ

Яруу суманд 2019 онд орон нутгийн хөгжлийн санд 73.8 сая төгрөг хуваарилагджээ.

Тус хөрөнгийг иргэдийнхээ саналд үндэслэн захиран зарцуулсан байгаа. Тухайлбал 20 сая төгрөгөөр хогийн цэгээ шууж тохижуулаад байгаа. Зүйл багт таван сая төгрөгөөр худгийн хоёр байр, Хэц-Улаан, Жаргалант багуудад тус бүр таван сая төгрөгөөр малын хашаа, багийн төвийн байрыг засварлаж ашиглалтад орууллаа.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зээлийн эргэн төлөлтөд нэлээд анхаарч ажиллаж байгаа. 2019 онд 12 иргэн малын тэжээл тариалалт, нэхий, арьс шир боловсруулах, зөөлөн оёдол, буудал, цайны газрын чиглэлээр төсөл бичиж ирүүлснийг шийдвэрлэж 56.5 сая төгрөгийн зээл олгоод байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн заалны их засварыг 200 сая төгрөгөөр, хичээлийн нэгдүгээр байрны засварыг аймгийн орон нутгийн хөгжлийн  сангийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, зассан байгаа. Мөн Нарийн давааны зам засварыг 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгээд байгаа. Сумандаа нийтийн биеийн тамир спортын талбайг нэг зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж ашиглалтад өгсөн байна. Гэх мэтчилэн 2019-2020 онд нийт 800 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгээд буй тухайгаа Яруу сумын ЗДТГ-аас нэмж дуулгав.

 

Холбоотой мэдээ