ОУХМ Б.Болдбаатарыг Өвөрхангайчууд угтан авч, амжилт хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-25 18:30:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатарыг Өвөрхангай аймгийн удирдлагууд угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Говь-Алтай аймгийн Есөн-булаг сумын уугуул тэр бээр төрөлх нутгийнхаа хөнгөн атлетикийн түүхэнд бахархалтай. Шинэ хуудсыг нээхээр Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт туулах гүйлтийн аянаа энэ сарын тавны өдөр эхлүүлсэн юм.  Түүнийг Арвайхээр хотоор гүйлтээ үргэлжлүүлэх замд нь аймгийн ЗДТГ, БТСГ, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 256-р анги, Цагдаагийн газраас угтан авч, амжилт хүслээ. Б.Болдбаатар Говь-Алтай аймгаас Өвөрхангай аймаг хүртэлх 575 км замыг 18 хоногт багтаан туулжээ.

Тэрээр Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсгэн байгуулсны 90, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж,  “COVID-19 цар тахлын эсрэг хамтдаа”, “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” уриа дор энэхүү гүйлтээ хийж байгаа аж.

Холбоотой мэдээ