Д.Нямхүү: ХӨСҮТ хувийн хамгаалах хэрэгслийн нэг сарын нөөцтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэхэд галын шугамд ажиллаж байгаа эмнэлгийн байгууллага, тэр дундаа ХӨСҮТ-ийн бэлтгэл, нөөцийн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нараас тодрууллаа.
-ХӨСҮТ-ийн хувийн хамгаалах хэрэгслээс эхлээд эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт хэр хүрэлцээтэй байгаа вэ?
-ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Хувийн хамгаалах хэрэгслийн тооцоог бид хийсэн. Одоогийн байдлаар, нэг сарын нөөцтэй. Энэ сарын нөөцийнхөө хуваарилалтыг хийгээд явж байна. Дараагийн хангалтууд 14-21 хоногийн хугацаанд ирнэ. ДЭМБ-аас нэмэлтээр бидэнд өгч байгаа хувийн хамгаалах хэрэгсэл энэ 14 хоногт багтаж ирнэ. Өндөр зэрэглэлийн хангамжийг 10, 11 дүгээр сард хийх учир одоогоор хамгаалах хувцас хэрэгслийн дутагдал гараагүй. Мөн гадаадаас иргэдээ татаж авах чартер онгоцоор эм вакцины хангамжаа татах ажлаа зөв зохион байгуулж байгаа гэж ДЭМБ үнэлсэн.
-Манай улсын амьсгалын аппаратын нөөц хангалттай байгаа юу?
-ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Нарангэрэл: Бид амьсгалын аппарат, ECMO аппарат зэрэг олон эмнэлэгийн хэрэгслийг Засгийн гэзрын хөрөнгө, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд захиалан авч байгаа. Амьсгалын аппаратын хувьд хангалттай авчихсан гэж үзэж байна. Улсын онцгой комисст иргэдийн хандивласан мөнгөөр ECMO аппарат захиалсан. Аппарат удахгүй ирнэ гэсэн мэдээлэлтэй байна.
О.Сэрүүнээ