Хорих анги бүтээн байгуулалтын олон ажлыг амжуулжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-27 23:34:23
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын-419 дүгээр нээлттэй хорих анги энэ жил бүтээн байгуулалтын багагүй ажлыг хийсэн тухайгаа мэдээлэв.

Тухайлбал, алба хаагчдынхаа ая тухыг хангаж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 30 хүүхдийн цэцэрлэг, иргэдэд үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний гурван давхрыг засварлаж ашиглалтад оруулжээ. Мөн алба хаагчийн ажлын ур чадварыг дээшлүүлж, сахилга ёс зүйг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байгаа талаар удирдлагууд нь ярьж байна.

Тус хамт олон орон нутгийнхаа бусад төрийн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд аймгийн хөгжилд нэмэр болох чамгүй олон ажил хийсэн аж. Тодруулбал, өнгөрсөн жил хоригдогсод Нутгийн удирдлагын гадна талбайн хүндэтгэлийн тайзыг засварлах. Баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнг тохижуулах, ялалтын хөшөөг засаж, зам засварын ажлыг гүйцэтгэжээ. Мөн хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд бичиг баримттай болгох, сайн дурын нийгмийн даатгалд хамруулах. Тэднийг мэргэжлийн сургалтад хамруулах болон мэргэжил боловсрол олгож, суллагдсан хойно нь ажлын байраар хангах зэргээр хүн рүү чиглэсэн олон ажлуудыг тасралтгүй зохион байгуулж буй тухайгаа дуулгав.

Ташрамд дуулгахад тус хамт олон өнгөрсөн 2019 онд аймгийнхаа “Төрийн шилдэг байгууллага”,  шийдвэр гүйцэтгэх бүхий хорих ангиуд дунд үйл ажиллагаагаараа хоёрдугаарт шалгарчээ. 

Холбоотой мэдээ