Аймгийн сонгуулийн хороог байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-31 12:26:59

Архангай /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны 07 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар тогтоолоор аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Аймгийн сонгуулийн хорооны даргаар БСУГ-ын хэлтсийн дарга Д.Алтангэрэлийг, нарийн бичгийн даргаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Ариунтуяаг тус тус томилсон юм. Дээрх тогтоолоор аймгийн сонгуулийн хороо нь сумдын сонгуулийн хороог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, холбогдох хууль тогтоомжийн  хүрээнд ажиллах үүргийг сонгуулийн хорооны даргад үүрэг болгожээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар сонгуулийн хороог байгуулахаас гадна “Ар Ус Ундрага" орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, Хайрхан сумын ЕБС-ийн складын барилгыг актлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

“Ар Ус Ундрага" орон нутгийн өмчит ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг компанийн дүрмийн дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, Хайрхан суманд 350 хүүхдийн суудалтай шинэ сургууль барихтай холбогдуулж, газар чөлөөлөх зорилгоор тус сумын ЕБС-ийн хуучны складыг төрийн өмчөөс хасч, газар чөлөөлөхөөр боллоо.

Холбоотой мэдээ