‘’Морингийн Даваа’’-нд залуу өрхөд зориулсан 1700 айлын орон сууцны хорооллын шав тавив

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-31 18:12:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотыг тойрсон таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулах юм. Үүний нэг буюу Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулах "Хөгжлийн үүд" төслийн нээлт, шав тавих ёслол өнөөдөр боллоо.


Нээлтэд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, ‘’Нийслэлийн орон сууцны корпораци’’ ХК-ийн захирал Б.Сүхбаатар болон бусад албаныхан оролцлоо. 



Нээлтийн эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ‘’Засгийн газраас 150 мянган айлын орон сууцыг барьж орон сууцжуулах төслийг хэрэгжүүлхээр болсон. Саяхан УИХ-аас Монгол Улсын "Алсын хараа-2050" буюу 30 жилийн бодлогын баримт бичиг баталсан. Энэ төсөлд ‘’Улаанбаатар хот ба дагуул хот’’ гэсэн томоохон бүлэг орсон.  Өнөөдрийн бидний амьдарч буй хот нь 1950 оны эхээр батлагдсан анхны төлөвлөгөөгөөр 130 мянган хүн амд зориулсан. Тэгвэл өнөөдөр 1.5 сая хүн амтай, нийт хүн амын 50 хувь нь төвлөрсөн, хэт бөөгнөрөлтэй, дэд бүтцийн хязгаарлагдмал бүсэд амьдарч байна. Үүнээс үүссэн асуудлууд нь агаар, орчны бохирдол, хэт бөөгнөрөл юм. Иймээс бид иргэд рүү чиглэсэн бодлого, орчин төвтэй аюулгүй, ая тухтай  орчин бүрдүүлсэн хот болох , зөв төлөвлөлтөөр өрөгжиж хөгжих бодлогыг барьж байна’’ гэсэн юм.


‘’Хөгжлийн үүд’ төслын хүрээнд хийгдэж буй Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөнд 129 га талбайд 5000-10000 өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд 43,3 га газарт 235 айлын таунхаус, 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай 2 сургууль, 2 өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажилыг өнөөдрөөс эхлүүллээ.



“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Бид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдвэрлэсэн. Эхний ээлжийн барилгажилтын ажилд 50 тэрбум төгрөг тусгасан. Энэ төслийг хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн учраас өнөөдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлэж байна. “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд залуу гэр бүл, залуучуудад зориулсан орон сууцны энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн ажлын байрыг нэмэхэд анхаарч байна” хэмээн онцолж байлаа.



Мөн иргэдийн эзэмшил гэзрыг орон сууцаар солих ажлыг санаачлан өнгөрсөн оны 11-р сард эхлүүлэн хагас жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 9,10 хороонд нийтдээ 6,4 га газарт 125  нэгж талбар, Баянзүрх дүүргийн 19-р хороо Цайз орчим 4,5 га газарт 81 нэгж талбарт буюу нийтдээ 720 гаруй иргэд эзэмшил газраа орон сууцаар сольж шинэ орон сууцандаа орсон байна. Дээрх байршлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа одоогоор  500 орчим айлыг нүүлгэн шилжүүлжээ.


Энэхүү шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж буйгаараа бусад төслүүдээс онцлог юм. Морингийн давааны дулаан хангамжийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ‘’Мон илч’’ ХХК, ‘’Рино Инженеринг’’ ХХК хамтран гүйцэтгэх бол Азийн хөгжлийн банкны 5 сая ам.долларын санхүүжилтээр цэвэр бохир усан хангамж, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх юм. 



Гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүл хотын орон сууц, олон нийтийн корпораци, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Олон улсын санхүүгийн корпораци, БНСУ-ын Экспорт импортын банк, Уур амьсгалын ногоон сан, Өндөр технологын сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгоод байна.


Ташрамд дурьдахад, дараагийн суурьшлын бүсийг Налайх, Хонхор орчимд байгуулж, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн зураг төслийн ажлыг хийж байна 


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ