Бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-03 17:37:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буянтын хөндийн Шарын гол” ТББ-ын “Эсвэг ардууд” нөхөрлөл 2018,2019 онд үйл ажиллагаа явуулсан 5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж дуусжээ.

Техникийн нөхөн сэргээлтийн ажил дуусаж сумын холбогдох албан тушаалтан, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн болон бусад холбогдох албаны төлөөлөлд эхний шатны ажлаа танилцуулж хүлээлгэн өглөө. Ирэх 10 дугаар сард технологийн дагуу биологийн нөхөн сэргээлт хийхэд бэлэн болсон аж.  Хуулийн дагуу хоёр жил үйл ажиллагаа явуулсан тус талбайд 2000 орчим иргэд нөхөрлөлийн системд орж ажиллан амьдралаа дээшлүүлсэн талаар “Буянтын хөндийн Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа онцоллоо. Бичил уурхайчид шинэ, эрүүл талбайд ажилладаггүй, урд өмнө нь ухагдсан, орхигдсон талбайд Ашигт малтмал газрын тосны газар, сум орон нутгийн төрийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ажилладаг гэж тэрээр мөн мэдэгдсэн. Нөхөрлөлийн системд орж гар аргаар алт олборлосон, хуулийн дагуу олгогдсон 5 га талбайг нөхөн сэргээхээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэмж 2 га талбайг нөхөн сэргээсэн аж.

Дархан-Уул аймгийн хэмжээнд зөвшөөрөлтэй таван нөхөрлөл байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 3 нөхөрлөл байна. “Баялаг Хайрханы өв” нөхөрлөл өнгөрсөн жил 2 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, мод тарьж ургуулжээ. Энэ жилийн тухайд ч мөн өнгөрсөн жил ашигласан талбайдаа техникийн нөхөн сэргээлт хийж байна.

Бичил уурхай тойрсон олон асуудал байдаг ч хууль журмынхаа дагуу бичиг баримтаа бүрдүүлж, ажиллаж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, Хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд хамруулж, олборлосон алтаа Монголбанк, орон нутаг дахь алтны сорьцын газарт тушаадаг гээд олон давуу тал байдгийг мэргэжлийн байгууллагынхан ч хэлж байлаа. 

 

Холбоотой мэдээ