Усан хилийн хамгаалалт үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-03 17:41:51

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутгаар хоёр хөрштэй хиллэдэг хилийн анги салбаруудад багагүй ажил өрнөж байна. Тухайлбал, өнгөрсөн онд хүчин чадал, техник технологийг нь шинэчлэн сайжруулсан Буйр нуурын усан хил хамгаалалтын үр дүн маш сайн гарч байна гэж аймаг орон нутгийн удирдлага дүгнэж байгаа аж.

Буйр нуурын усан хил хамгаалалтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ аргачлалд шилжүүлснээр өмнө жилүүдэд хөрш орны талаас үйлдэгдэж байсан хулгайн ан, загас агнуурыг бүрэн таслан зогсоож чадсан байна. Цаашид ч улам чанаржуулж, өргөтгөхийг зорьж байгаа юм. Мөн хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт хилийн торыг шинэчлэх ажил одоогоор 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ жил 100 орчим км-т хилийн торыг шинэчлэн барьж байгуулахаар төлөвлөж, хилийн 0132, 0252, 0151 дүгээр ангийн албан хаагч, инженерийн бүлэг ажиллаж байгаа юм. Хилийн тор шинэчлэгдсэнээр салхи шуургатай үед мал хил давахаас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. Түүнчлэн Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутгаар хойд хөрштэй хиллэдэг хэсгээр хүн, мал хил давах тохиолдол цөөнгүй гардаг. Үүнийг таслан зогсоох үүднээс дохиолол, хяналтын систем бүхий хашаажуулалт хийж байна. Чулуунхороот суманд хилийн тусгай салбар байгуулах ажлын эхлэл энэ өдрүүдэд тавигдаж, төлөвлөлтийн ажил хийгдэж байна гэж мэдээллээ. Цаашид Эрээнцавын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлснээр Чулуунхороот сумын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа гэв. 

Холбоотой мэдээ