Д.Төрмөнх: Бичихээрээ би маш их аз жаргалтай болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2020-08-05 10:57:46
@ShoovdorBatbold

Ярилцсан сэтгүүлч Б.Ганчимэг

Зохиолч Доржхандын Төрмөнх (Turu Khan)-тэй ярилцлаа. Уран бүтээлийн олз омгоор дүүрэн байгаа зохиолч гэвэл тэр л байна. Ярилцлагыг маань уншаад Та энэ үгтэй маань санал нийлэх нь дамжиггүй.   

- Та 2015 онд олны хүртээл болгосон “Миний мэдэх “Женко” Баттулга” номыг “Пингвин” хэвлэлийн газар хэвлэн гаргаж байгаа гэв үү? Пингвин чинь бүр 1800 оноос өнөөг хүртэл ном хэвлэн зарж буй АНУ, ИХ Британи, Германы хамтарсан компани биз дээ? Жилдээ 800 сая ном борлуулдаг гэж уншлаа. Яаж яваад тэдний анхааралд орчихов? 

- Пингвин дэлхийд 250 салбартай юм байна. Сингапурын салбар хэдэн жилийн өмнөөс Азийг бүхэлд нь хариуцдаг болж өргөжжээ. Тэгээд “Амазон”-оос Азийн зохиолчийн гар бичмэл хайж байгаад миний ядмаг орчуулаад тавьсан хоёр номыг олж л дээ. Амазон бол гэрээсээ л тавьчихдаг болохоор тэнд 24 сая гар бичмэл байдаг юм билээ.  Тэгээд л надтай холбогдсон юм. Аз юм уу даа…Туж цахим шуудангаар харьцаад л засвар энэ тэр хийлгээд л жил болсон. Энэ жил уг нь 4 дүгээр сард хэвлэж гаргах байсан ч Ковид-19 өвчнөөс болж хойшлоод одоо 10 дугаар сард гаргах гэж байгаа. Яг тэр хэвлэлийн монгол эхийг цөөн тоогоор хэвлэж гаргалаа л даа. 

-Таван жилийн өмнө гарч байснаас өөр буюу “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” гэх нэртэйгээр гарчээ. Пингвин анх удаа ажиллаж буй ерөнхийлөгчийн тухай ном гаргасан гэх юм?

-Тийм. Анх хандахдаа Пингвин ажиллаж буй ерөнхийлөгчийн тухай ном гаргаж байгаагүй учир яаран зөвшөөрлөө гэж та бодож болохгүй.  “Санкара”-гийн хувьд бол асуудалгүй. Ерөнхийлөгчийн тухай номыг бол АНУ дахь төв офиссийн зөвшөөрөл авна гэсэн юм.


-Өөрчлөлтийн тухай Та ярилаа, яаж өөрчлөх юм?

- Нарийн юм билээ. Эхлээд англи хэлээр, дараа нь Хятадаар гаргах юм билээ.  Жишээ нь “Пинк Флойд”, “Полис” гэх мэт хамтлагийн дууны үг орсныг хассан. Тэднээс албан ёсны зөвшөөрөл нэхэгдэх учир. Мөн гаднынханд ойлгомжгүй хэд хэдэн бүлгийн хэсгүүдэд тайлбар авсан. Жишээ нь “тамын тогоо” … гэж юу вэ гээд л явна шүү дээ. Гэхдээ тэд ингэ тэг гэдэггүй юм байна. Өөрчлөх санаа цухуйлгаад л зохиолч өөрөө шийддэг юм билээ. 

- Гэрээ яаж хийх юм? Та жишээ нь борлуулалтаас хувь авна биз дээ?

- Хувийн тухайд бол ашгийн арваад хувийг авна л даа.  Есөн хуудас гэрээ ирсэн. Монголдоо яг Пингвиний өөрчилснөөр гаргах боломжтой ч гадаад улсад бол заавал тэдэнтэй холбогдоно, цахим хэлбэрээр хэзээ яаж гаргах вэ, аудиогоор хэзээ гаргах вэ, англи, хятадаас бусад хэлээр орчуулах бол яаж зохицуулах вэ гээд их олон зүйл дурдсан. Гэрээ нь төгсөхдөө энэ гэрээ дэлхий дахинд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж дуусаж ч байх шиг. 

- “Санкара” хэзээ хэвлэгдэх юм? 

-Ирэх жилийн хоёрдугаар хагаст хэвлэгдэн гарна. Бас л засвар энэ тэр гээд бөөн ажил болох биз. 

- Өө нээрээ, Та нэрээ өөрчилсөн гэл үү?

- Зохиолчдод пен нэйм гэж байдаг даа. Turu Khan гэж нэрээр гарна. Тэд л санал болгосон юм. Миний и-мэйл, фэйсбүүк тийм нэртэй юм. Нээрээ ч Доржхандын Төрмөнх гэсэн нэрийг гадна хэн ч тогтоохгүй л дээ. Зохиолчид ч ийм л байдаг. Марк Твэйн, Стивен Кинг, Жорж Санд…гэх мэт ихэнх алдартай зохиолчид ийм бичгийн нууц нэртэй байдаг даа. 

- Өөр юу хийж амжуулав даа. Ингэхэд Та өөрөө хэр их уншдаг вэ? 

- Хоёр ч кино зохиол дуусгасан. Гэхдээ үүнийг яримааргүй байна. “Кино бол хамгийн азгүй урлаг. Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай…” гэсэн А.Тарковскийн үгийг би байнга хэлдэг дээ. Мөнгө нь бүтээд гарсан хойно л больё. Ном тэгтлээ овойж оцойтол уншдаг гэж худлаа хэлээд яахав. Бичиж буй зүйлдээ нэмэр болохыг л түүж унших юм. Гүүнд дуртай морь гэгчээр харин худалдаж аваад л байх юм. 

- Маш их зүйлийг яаж зэрэг зэрэг амжуулдаг юм гэж хардаг юм. Ер зүгээр суудаггүй л хүн шиг...

-“Мундахгүй ихийг бүтээхэд нас яасан богино, мунхагуудын дунд амьдрахад нас яасан урт” гэж Б.Ринчен гуайн үг байдаг даа. 

- Таны “Санкара” романыг уншихад нэг хүн үүрч барамгүй их зовлон үзсэн ч нэг л гэгээлэг өнгөөр бүхнийг харж явдаг хүн шиг санагдсан. Массаас их өөр хүн гэх үү дээ. Цагаасаа түрүүлсэн ч хүн юм шиг. Бас хийсэн кино тань дэлхийгээс 23 шагнал авсан. Өдий хүртэл 23 байтугай хоёр гурвыг ч авсан нь гарсангүй. Одоо бичсэн ном нь дэлхийн тэргүүлэгч хэвлэлийн компаниудын нэгд тоогдоод мөн дэлхийн тавцанд гарчихлаа. Үнэхээр атаархмаар байна шүү. Цаашдаа яах бодолтой байна?

- Юутай ч дэлхийн номын их том ертөнцөд хөл тавих нь ч тавилаа. Хэр зарагдах ч юм. Муу “чукча”- г дэлхий дахин тоогоо ч билүү, үгүй ч билүү . Одоо хоёр ч роман эхлүүлсэн байгаа. Пингвинд гарсан хоёр маань гайгүй борлогдчихвол мэдээж дараагийн зохиол нэхэгдэх нь тодорхой. Ер нь бол өнгөрсөн гэж байхгүй, яагаад гэвэл өнгөрч одсон учир. Ирээдүй ч гэж байхгүй, яагаад гэвэл болоогүй учир гэдэг Бурханы номтой. Болоогүй ирээдүйд юу болохыг таах арга үгүй. Тэгэхээр өнөөдрөө л үр бүтээлтэй өнгөрүүлж өдөр бүр бүтээлч байх л зөв юм. Хүн өнгөрсөнд амьдарч чадахгүй, ирээдүйд ч амьдарч чадахгүй, өнөөдөрт л амьдардаг биз дээ. Аливаа хэрүүл ихэнхдээ өнгөрсөнөөс л эхтэй байдаг шүү дээ…Чи муу тэгэхэд тэгээ биз дээ гээд л эхэлдэг...

- Онгод орохоо байгаад бичихээ больчихно гэж байх уу? Онгод гэж юу юм бэ таныхаар? 

- Онгод гэж байнаа. Урам гэхээсээ далд ухамсарын сэргэлт л юм шиг. Сайхан ном уншаад, сайхан кино үзээд, сайхан хүнтэй уулзаад онгод ордог доо. Далд ухамсарт буй мэдээлэл л нөхцөл таарахаар сэргэдэг шиг байгаа юм. Авъяас гэдэг дадал гэсэн самарди үг гэхээр урд наснаас ирсэн дадал болж байгаа биз. Тэгээд ч бичихээрээ би маш их аз жаргалтай болдог. Тийм болохоор жаргахын тулд бичээд ч байгаа байж мэднэ.  Энэ нэг эд баялаг шүтсэн, мөнгөгүй бол жаргаж болдоггүй гэх капиталист ертөнц их гайтай юм. Мөнгө бол аз жаргал биш ч гэлээ мөнгөгүй бол одоо ийм нийгэмд аз жаргалтай байх боломжгүй. Гэхдээ явж явж хүн зовж олсон хэдээ өөрийнхөө хоббид л үрдэг биз дээ. Архинд хоббитой нь архинд, машинд хоббитой нь машинд, хувцас хунарт хоббитой нь хувцаст, хүүхэнд дуртай нь хүүхэнд…гэх мэтээр. Тэхээр хоббигоороо мөнгө олоод түүгээрээ дуртай юмаа аваад хайртай хүмүүстэйгээ хуваалцаад явах хамгийн сайхан. Би нэлээд хэдэн жилийн өмнөөс л зохиолч Г. Аюурзана шиг амьдрах ёстой юм байна гэж ойлгосон. Дуртай ажлаа хийж жаргангаа мөнгөө олоод л. Хайртай хань, үр хүүхэддээ зориулаад л. Дэлхий гэж том сав байна шүү дээ. “The Hu” хамтлагаас эхлээд л дэлхийн тавцанд гарцгааж л байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ шүү. Нэг замаар их удаан зүтгэхээр “бонус” гэж нэг юм ирдэг юм шүү дээ.

-Баясалгалаа хийсээр л байна уу? Арваад жил хийсэн юм билээ. Юу олж авдаг юм?

- Амьдрал гэдэг өгсөж уруудах л ээлжилсээр дуусдаг. Өгсөхдөө хөөрөөд байхгүй, уруудахдаа гуниад байхгүй сэтгэлийн тэгш амгаланд л суралцаж байгаа хэрэг шүү дээ. Олохоосоо илүү муу талаа алддаг юм даа. Гэхдээ хийх ёстой нь л хийдэг шиг. Арав хоног таг чимээгүй сууж олны дунд ч гэлээ ганцаараа өөртэйгээ арав хонох гэдэг амар зүйл биш ээ.  Аливаад нэг их яаран хариу үйлдэл хийдэг зан багасдаг. Гуньж шаналаад эргэн тойрны хар бүхнийг өөртөө татаж аваад шаналаад байдаг зан багасдаг. Мөн хүн угаасаа ганцаараа боловч ганцаараа байж чаддаггүй, заавал хэн нэгэнтэй ярьж олны анхааралд орж эгогоо цатгах донтой. Тэр бас багасдаг. Хүн бүр үхнэ. Тэр цагт энэ маш хэрэг болох байх… 

- Ганцаардал гэж ... Та ганцаарддаг уу? 

- Олны дунд ганцаардах гэж нэг юм байнаа. Ихэнх хүмүүс кино ярих гэхээр “Титаник”-аас цаашгүй, хөгжим ярих гэхээр “Смоуки”,” Бони М”-ээс өөр юм мэдэхгүй, за номын тухайд бол бүр ч харанхуй байх нь элбэг. Тэгсэн хэрнээ би л гээд байх нь тэр. Зарим хүүхнүүд нүдэнд эвэр ургатал өөрийнхөө зургийг нүүр номд өдөр бүр тавиад байдаг шүү дээ. Эгогүй хүн гэж нэг ч байхгүй л дээ. Гэхдээ эго чинь бас дотроо өөр. Зарим нь хийж чаддагтаа бардам болдог бол ихэнх нь юу ч чадахгүй хэрнээ би, би гэж хашхирч явдаг. Хүн тоохгүй болохоор өөрөө өөрийгөө тоодог л юм байлгүй. Эхлээд тэрийгээ ойлгож, тэгээд түүнээ дарах дасгал бол бясалгал шүү дээ. Би, би гээд л унахаар бүх зовлон эхэлдэг. Би ч бас эгогүй хүн биш шүү дээ… 

- Мухар сүсэгийн тухайд? Манайхан их мухар сүсэгтэй. Лам, бөө дээр очдоггүй хүн ховор шүү… 

- Яахав мухар сүсэгт бас сайн тал ч бий л байх. Ядаж муу юм хийхээсээ айна. Хаа ч мухар сүсэг их л байдаг. Гэхдээ угаасаа буддизм онол, практик гэсэн хоёр талтай ч практик тал буюу бясалгал нь устаж арилаад саяхнаас эргэж сэргэж байгаатай энэ бас холбоотой байх. Толгой чинь өвдвөл аналгин гэж хэд ч уншаад зүгээр болохгүй, уух л хэрэгтэй шиг гэх үү дээ. Мэдээж бурханы ном унших, сүжигтэй байхын буруу гэж яаж байхав. Түвдэд бурхан багш буюу Сидхард Гаутамын ном бясалгал их хожим дэлгэрсэн байдаг. Тэгээд тэндээс манайд ирсэн гэх ч бүр өмнө Наландрийн их сургуулиас ирсэн эх сурвалж бас байгаа шүү. Энэ гэхдээ маш урт яриа болчих учир товчилсон ннь дээр байх шүү. Хэдэн тарни буюу түвд шүлэг сонсоод л бүх юм зүгээр болчихно гэдэг сургуулийн хүүхэд ч итгэхэд бэрх биз дээ. Гаанжуурыг манай бясалгалын багш Д.Ширэндэв бүр пали эхээс нь орчуулаад одоо найман боть гарчихсан байгаа. Аваад уншиж байгаа нь тун ховор хэрнээ өөрөө огт ойлгохгүй түвд хэлээр хэдэн шад тарни мөнгө төлөөд хэлүүлэх хүн тоймгүй олон. Энэ бас л цаг хугааны асуудал юм шиг. 1990 оноос сэргэсэн шашин яг номондоо ортол бас хугацаа хэрэгтэй шүү дээ. Шашин ч гэсэн ардчилал шиг л юм болж байна даа, бас. Харин саяхан “Бурхан багш” гэж олон ангит кино МҮОНТ-ээр гарч хүмүүс бясалгал гэж юу юм гэдгийг сайтар ойлгож авах шиг…

- Х.Баттулга ерөнхийлөгч Та хоёр хуучнаараа юу? Ерөнхийлөгч болоод тэр ер нь өөрчлөгдсөн үү. Өндөрлөгт гараад зарим хүн үнэхээр өөрчлөгдөх юм. Ажил мэргэжлээс болдог юм уу, хүн л судлах юм даа?

- Уулзах нь цөөрснөөс бус хэвээрээ шүү дээ. Бүхэл бүтэн номоор түүний тухай ярьчихсан болохоор одоо юу ч нэмж ярих билээ дээ. Одоо номоо яг Пингвинд гарсан маягаар нэмэлт бүлэгтэй дахиж хэвлүүлүүллээ. Монгол бичгээр бас гаргах санаатай эхээ бэлтгэж Алтангэрэлийн Уд гэх өвөр монгол хүнээр хөрвүүлүүлж байна. Өнөөх хүн бүрийн сонирхдог орос эхнэрээс эхлээд, гурван жилийн өмнө болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, одоо юу хийж буй тухай гэх мэт олны мэдэхгүй зүйлс нэмэгдэж орсон л доо. Энэ номд яригдсан нэг цэрэг, нэг үндэстэн гэж төмөр замыг цэргийн хүчээр байгуулах төсөл хэрэгжээд бараг дуусч байна. Өөрөө ч ярихгүй юм. Чимээгүй дуугарах л гэж энэ шүү дээ. Гэхдээ мэдээж энэ бүхэн бол миний л өнцөг, миний л мэдэх зүйл. Тэгээд ч номоо “Миний мэдэх Баттулга” гэж нэрлэсэн юм шүү дээ.



Холбоотой мэдээ